Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан 3 авто машиныг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өгөхөөр болжээ
2023.01.30

Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан 3 авто машиныг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт өгөхөөр болжээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хамт аймгийнхаа Эрүүл мэндийн салбарын 220 гаруй эмч ажилтнуудтай уулзлаа.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хувьд УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдийн урилгаар орон нутаг дахь анхны томилолтоо Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд салбарынхаа эмч ажилтнуудтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд (Ковид-19) цар тахлыг амжилттай даван туулсан эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлээд 2023 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгох зарим шаардлагатай тохируулгыг хийх, үйлчилгээний стандарт боловсруулж хэрэгжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилтыг барьж ажиллахаа хэлсэн юм.

Тэрбээр мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарт 26 тэрбум төгрөгийн санхүүжилт орж шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж хуваарилагдсаныг дурдаад аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим тосгоны өр төлбөртэй гарч буйн шалтгаан нөхцөлийг тодруулсан юм.

Аймгийн эрүүл мэндийн салбарын 1000 гаруй ажилтнуудыг төлөөлж, салбарын сайдтай уулзах үеэр 18 хүн давхардсан тоогоор 50 гаруй асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.

Багцалбал, цалингийн нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, хүн ам цөөтэй сумдад гүйцэтгэлийн санхүүжилт хугацаа алдаж ордог шалтгаан, эмийн худалдан авалт, эмийн сангийн хувьчлал хүнд суртал, үнийн хөөргөдөл үүсгэх болсон, салбар ажилтнуудын нийгмийн асуудал, эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хууль эрх зүйтэй холбоотой асуудлаар асуулт асууж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүсэлт тавилаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь дэвшүүлсэн, эмч, ажилтнууд салбарын сайдтай хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй уулзалт боллоо гэж хувьдаа дүгнэж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хувьд өмнө нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр, эрүүл мэндийн салбарын нийгмийн хамгаалал, цалин хөлсөнд анхаарахаа илэрхийлсэн.

Мөн анхан дунд шатандаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, ололт, амжилтын талаар судалж, салбарынхантайгаа нягт хамтран ажиллахаа уулзалтын төгсгөлд хэлж, МУ-ын Засгийн газрын шагнал “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр салбартаа амжилт гарган ажиллаж байгаа Цэцэгсайханы Ариунтунгалаг, Доржийн Отгонтуяа, Энхбаатарын Эрдэнэбаяр, Цогбадрахын Азжаргал, Цэрэндоржийн Ууганбаяр нарыг, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Хүрэлбаатарын Доржханд, Баттөмөрийн Должинсүрэн, Жаргалын Баярцэцэг, Сүхбаатарын Урантогос нарыг  тус тус шагнаж урамшууллаа.

Аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Хэрлэнчулуун, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга С.Хэнчмэдэхгүй нар мөн орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад холбогдох мэдээллийг хүргэв.

Үүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Халдвартын эмнэлгийн эмч, ажилтнуудын хүсэлтээр эмнэлэгтэй танилцаж 30 ор шийдвэрлэж өглөө.
Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан автомашинуудаас туулах чадвар сайтай гурван авто машиныг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлага түргэн тусламжийн үйлчилгээнд, Баян-Овоо, Биндэр сумдад мөн хуваарилахаар боллоо.