Таван байгууллагын 160 гаруй ажилтнуудад мэдээлэл хүргэж, тэдний саналыг хүлээн авлаа
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөр иргэдээ сонсох уулзалтын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулууны хамт “Өндөрхаан хот тохижилт” ОНӨААТҮГ, “Харгуй” ТӨХК, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 160 шахам ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар аймгийн хэмжээнд төрийн байгууллагын 7 лабораторийг нэгтгэж, зүүн бүсийн нэгдсэн лабораторитой болох, инженерийн шугам сүлжээний насжилт, барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гүйцэтгэгч компанид маш их гарын үсэг /тойрох/ зуруулдаг. Барилгын гүйцэтгэлийн хугацаанаас албан тушаалтнуудын гарын үсэг зуруулах нь хугацаа их шаарддаг, ажил гацдагийг ажил хариуцсан компаниуд уламжилсныг хэллээ.
Мөн төрийн албан хаагчид гэр бүлдээ зарцуулах цаг хомс, эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй байна. Нийгмийн асуудал тулгамдсан. Тайлан тооцооны стандартыг цахим шилжилттэй уялдуулан гаргахгүй бол ихэвчлэн илүү цагаар ажилладаг, инженерийн шугам сүлжээний насжилтыг тодорхойлох, барилгын хяналтын инженерийн хүрэлцээ тааруу, төрийн халамжийн бодлого хэрээс хэтэрлээ, сумдын хөгжлийн төлөвлөгөө гаргах асуудлыг анхаарч өгөөч, хот байгуулалтын хуулийг судалж үзнэ үү гэх мэтчилэн 16 хүн давхардсан тоогоор 33 асуулт асууж, тодорхой саналуудыг уламжлав.
“Харгуй” ТӨХК-ийн захирал Л.Бат-Октябрь: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын 157 км авто замыг “Харгуй” ТӨХК хариуцдаг. 2004-2008 онд тус зам баригдаж ашиглалтад орсон. 15-18 жилийн насжилттай. Бидний хийж буй ажил зөвхөн нэг жилийн хугацаатай урсгал засварын ажил. Авто замын тухай хуулиараа 6-7 жил болоод ээлжит засвар хийх ёстой. Зорчих асуудал хүндрэлтэй байгааг үгүйсгэхгүй. Улсын хэмжээнд 7000 гаруй км авто замыг 32 компани хариуцаж байгаа. Улсын төсвөөс хуваарилагддаг мөнгө замыг бэлэн байдалд байлгах түвшинд шийдвэрлэгдэж чаддаггүй.
Өнөөдөр бидэнд улсын төсвөөс хуваарилагдсан 585 сая төгрөгөөс татварууд /НӨАТ, ААНТ, НДШ/ суугдаад 300 гаруй гаруй сая төгрөгөөр 160 шахам км авто замын бүрэн бүтэн байдлыг хангана гэдэг боломжгүй. Юм бүхнийг улс руу чихмээргүй байна. Бидэнд бас сайн туршлага үгүйлэгдэж байгаа. Тиймээс бэлэн байдлыг хангах асуудал, санхүүжилтийг улсын төсөв хэлэлцэхэд онцгойлон анхаарч өгөхийг хүсье. Компанийн 34 хувийн хувьчлалын асуудал яригдаж байна тодорхой зохицуулалт хэрэгтэй гэв.