Ж.Сүхбаатар: Парламентын мөрдөн шалгалтын процесс олон улсын жишиг рүү дөхнө
2023.01.23

Ж.Сүхбаатар: Парламентын мөрдөн шалгалтын процесс олон улсын жишиг рүү дөхнө

УИХ-ын хянан шалгах түр хорооны гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатараас зарим асуудлыг тодрууллаа.

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 4-5 хууль батлагдлаа. Харин хамгийн жишиг болохуйц гэж хэлж болохоор Ерөнхий хорооны сонсгол нь энэ удаагийн Хөгжлийн банкны сонсгол болж байх шиг байна. Түр хороог даргалж, ажлын хэсгийн нь ахалж байсан хүн учир танаас асуух хэд хэдэн асуулт байна. Түр хороонд орох гишүүдийг яаж сонгон шалгаруулсан талаар яриагаа эхэлье? 

-УИХ-ын хяналт шалгалтын хуулиар түр хороо байгуулах хяналт, шалгалтын зарчмаа тогтсон. Түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь цөөнх буюу сөрөг хүчнээс байх ёстой гэж тусгасан байгаа. Үүний хүрээнд УИХ-д суудалтай гурван намаас төлөөлөл оруулсан. Миний хувьд, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахалсан. Парламентын хяналт шалгалтыг цоо шинэ түвшинд гаргах ерөнхий үзэл баримтлал дээр ажилласан. Тиймээс УИХ-ын дарга миний нэрийг түр хорооны анхны даргаар дэвшүүлсэн. Одоо бол Б.Энхбаяр гишүүн болсон. 

Хянан шалгах түр хороо бол бусад түр хороо, хяналтын үйл ажиллагаанаас их онцлогтой. Тиймээс хүрээ зааг, хэмжээ хязгаарыг зөв мөрдөх хэрэгтэй. Түр хороо нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй. Миний хувьд, хүрээ зааг, хязгаараа зөв баримтлах зарчимтай ажиллаж байна. Мөн олон өдрийн сонсголд орно, тодорхой хугацаа шаардана гэдгийг мэдэж байсан. Хянан шалгах шинжээчийг томилсон.

Шинжээчид нийтэд мэдээлэл өгөхгүйгээр ажлаа хийх үйл ажиллагааны эрх чөлөө олгосон. УИХ-ын хяналт шалгалтын хуулийг хэлэлцэж байх үед парламентын мөрдөн шалгах сонсголтой холбоотойгоор эрдэмтэн, судлаачид оролцсон. Ер нь, манай парламентын мөрдөн шалгалтын процесс цаашдаа сайжирна. 2024 онд нэг шат ахина. 2028 онд дэлхийн улс орны парламентын жишиг рүү дөхнө. 

-УИХ-ын хяналт шалгалтын түр хороо 12 хүний бүрэлдэхүүнтэй гэлээ. Нэг талаараа тэд Хөгжлийн банкны хэрэгт холбоогүй, нэр цэвэр гэдгээ зарлаж байна. Дуудагдаж байгаа гишүүд та хэдэд нөлөөлөх оролдлого хийж байна уу. Мөн сонсголд оролцохгүй байгаа гэрчүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ? 

-Гэрчид олгогдсон эрх нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Гэхдээ гэрчийн мэдүүлэх өгөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байгаа бол тэр хүнд эргэлзээтэй асуудал бий гэж үзээд, хууль хяналтын байгууллага шалгана. Бид ч хууль тогтоогчоор ажиллаж байгаагийн хувьд, тэр асуудал дээр анхаарна. Гишүүд өөрсдөө тухайн асуудалд холбоотой бол тэрийгээ мэдэгдээд, хянан шалгалтын хороонд орохгүй байх ёстой. Тиймээс түр хороонд орж байгаа гишүүдээс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь эхлээд тодруулсан. Тийм хүн байхгүй гэсэн учир бид ажлаа үргэлжлүүлж байна. Түр хороонд орсон гишүүдийн талаар ямар ч хүн гомдол санал гаргаагүй. 

-Нийт хэчнээн хүнийг гэрчээр дуудсанаас хэд нь ирээгүй вэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шиг албан бичгээр очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн хэдэн хүн бий вэ. Хэчнээн нь огт мэдэгдэхгүйгээр сонсголд оролцоогүй вэ? 

-Хяналт шалгалтын эхний үе шат дуусаад статистик гарна. Урьдчилсан байдлаар, 60 зээлдэгч буюу компанийг дуудсан. Тэдгээртэй холбогдуулж 306 гэрчийг дуудсан. Тэдгээрийн 175 нь ирсэн. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэрчүүд өөрсдөө асуудалд орно гэдгийг сонсголын үеэр би хэлсэн. Нөхцөл байдлаас хамаараад, гэрчийг нэмж дуудах эрхийг түр хорооны даргад өгсөн. Маш өргөн хүрээтэй сонсгол явагдсан гэдгийг гэрчүүдийн гуравны хоёр нь оролцож, мэдүүлэг өгснөөс харж болохоор байна. 

-Гэрчүүд шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Парламентыг үл хүндэтгэх гэх агуулга бий. Үүнээс гадна Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой. Гэхдээ төрийн албан тушаалтнуудад Зөрчлийн хуулиас илүүтэй төрийн албаны сахилгын шийтгэл ногдуулан, ажлаас халах үндэслэл болно. 

-Хөгжлийн банкны зээл болгон муу байгаагүй гэдгийг саяын нээлттэй сонсголоос харж болохоор байна? 

-Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд зарим нь яллагдагчаар татагдсан. Тэд буруутай үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ төрийн алба хаагчдаас гадна, зээл авсан компаниудад асуудал байна. Зарим нь авсан зээлээ өөр зорилгоор ашигласан. Зарим нь улстөрчдийн холбоо хамааралтай байна. Нөгөө талаас, зориулалтын дагуу ашиглагдаад, зорилгодоо хүрсэн, эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжтэй төслүүд байсан гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс үүнийгээ сайн ялгах нь зүй. Зарим компанийн тухайд, төсөл нь сайн ч цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрсэн тохиолдол ч бий. Чамлалттай харагдаад байгаа юм нь, авсан зээлийн дийлэнх нь эргэлзээтэй байна.