Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг Төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа
2022.12.30

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг Төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, оны шилдгүүдээ тодруулж урамшууллаа.

Тайлангийн хурлыг нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үг хэлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ: 

Ирэх 2023 онд салбарын хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн ажиллах орчин, эрх зүйн байдал, цалин, урамшууллын систем тогтолцооны хувьд шинэ шатанд хүрсэн жил байхыг онцлоод, Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд тус салбартай холбогдуулан гаргасан бодлого, шийдвэр тэр дундаа аялал жуулчлалын салбарт шинэчлэлийн алхам бодитой хийгдэж байгааг онцолсон юм. 

Үргэлжлүүлэн тэрбээр өнгөрч буй 2022 оны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь салбарын хэмжээнд томоохон бодлогын зорилтуудыг нэг алхмаар урагшлуулж, салбарын эрх зүйн орчин хийгээд яамны өдөр тутмын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллаж, шударга байдлын үнэлээгээгээр доороосоо гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан үнэлгээг засан сайжруулан тодорхой эерэг үр дүнд хүрч ажилласан гэдгийг цохон тэмдэглэв.