УИХ-ын чуулганы /2022.12.15/ өдрийн хуралдаан боллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Улс төрд үүссэн нөхцөл, талбай дээрх жагсаалын өрнөл зэргээс үүдэн улс төрийн мэдэгдэл хийх шаардлага үүсэж байна.
2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг дангаараа хэн нэгэнтэй хуваалцахгүйгээр эдэлсэн нам бол Монгол ардын нам гэдэгтэй хэн ч маргахгүй. 7 жил тасралтгүй эрх бариад дур зоргоороо аашилсны чинь дүнг өнөөдөр ард иргэд талбай дээр тавьж байна шүү дээ!
Та бүгдийг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Олон ч удаа сонголтоо харамгүй өгсөн. гэтэл гүйцэтгэх засаглал нь Засгийн газрынхаа хууль хяналтын байгуулагуудтай хавсраад ард түмнээ тонон дээрэмдэхэд хүчээ нэгтгэнэ гэж ард иргэд бодоогүй. Та нар үүн дээр хүчээ нэгтгэсэн байна.
Хил дамнасан нүүрсний хулгайг гүйцэтгэх засаглал, хууль хяналтын байгууллагуудтай хавсрахгүйгээр хэн ч хэзээ ч хийж чадахгүй. Та нар инфляцыг 16% хүргэхэд хүчээ нэгтгэсэн. Төрийн дээрмээр хувийн хэвшлийг нухчин дарахад, хүний эрхийг уландаа гишгэхэд хүчээ нэгтгэсэн байна.
Хэдхэн залуус Засгийн газрын эсрэг үзэл бодлоо илэрхийлэхэд гаранд нь гав зүүчихсэн гэрт нь хорьж байгаа шүү дээ. Та нар ийм нам. Тэгээд юм л бол сөрөг хүчин рүү гээ дайрдаг. Их хурлын танхимд би олон удаа дуугүй байсан. Төмөр замын нарийн цариг тавиагүйгээс болж алдагдсан боломж хэчнээн их наяд гээд МАН-ын бүх гишүүд ярих юм. Ялангуяа Б.Энхбаяр, Х.Нямбаатар бүгд л ярьдаг. Би энэ нарийн царигийг МАН-ын 65 гишүүн хуруугаараа устгасан талаар та нарт хэлье.
2014 онд Ардчилсан нам УИХ-д олонх байхдаа Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг “1435 мм” нарийн царигтай байхаар тогтоол баталсан. Гэтэл 2020 оны 5-дугаар сард МАН 65 гишүүнтэй байхдаа энэ тогтоолыг хүчингүй болгосон. Эдийн засгийн байнгын хорооны дарга нь өөдөөс хараад сууж л байна. Та нар бүх юмаа ингэж сөрөг хүчин рүү гээ чихдэгээ боль. Нарийн царигийг өнгөрсөн парламентын 65 гишүүн тогтоол гаргаж устгасан шүү! Тийм байхад алдагдсан боломж гэж битгий ард иргэдийн тархийг угаа.
Сүүлийн үед хүний эрхийг уландаа гишгэдэг боллоо. Монгол ардын нам хүний эрхийг уландаа гишгэж, үй олноор хэлмэгдүүлэхдээ гаршсан нам. Өнөөдрийг болтол бид нар цагаатгаад барахгүй байгаа. Нэг амаараа шүүх хяналтын байгууллага эцэслэн шийдвэр гаргаагүй үед хүнийг гэм буруутайд үл тооцно гэчихээд нөгөө гараараа Засгийн газар нь нүүрсчид гээд зарлаж байна.
Энэ дотор гэм буруутай хүн байж болно. Тэрийг шүүх тогтооно. Ямар ч гэм буруугүй хүн байгаа шүү дээ. Энэ чинь шинэ цагийн хэлмэгдүүлэлт шүү. Маш аюултай.
Нөгөөтэйгүүр бет томилол хувийн хэвшлийнхнийг дарамталж байна. Энэ бетийг чинь 1991 оны Бүгд Найрамдах Монгол ард улсын хууль тогтоомжоор та нар явуулаад байгаа. Гэтэл 1992 онд хувийн өмчтэй, хүний эрхийг дээдэлсэн анхны Ардчилсан Үндсэн хууль гарсан. Энэ үндсэн хуулиар шийдээгүй бетийг хувийн хэвшил рүү илгээж шууд төр өмчдөө авлаа гэж зарлаж байна. Үүгээрээ бүх гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа гэсэн үг.