БНХАУ-ын тээврийн сайд Ли Шяопэнтэй цахим уулзалт хийлээ
2022.11.28

БНХАУ-ын тээврийн сайд Ли Шяопэнтэй цахим уулзалт хийлээ

Уулзалтын үеэр Монгол Улс БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал тавьж, харилцан ойлголцолд хүрлээ.

Тухайлбал:

  • Орос-Монгол-Хятадыг холбосон авто замын 2 дахь коридор болох Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам ашиглалтад бүрэн орсонтой холбогдуулан олон улсын тээвэрлэлт эхлүүлэх,
  • Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулах, эхний ээлжинд чиргүүл эсхүл жолооч солилцох байдлаар задгай тээвэрлэлтийг сэргээх,
  • 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулж Гашуунсухайт-Ганмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтуудыг нэмж тусгах,
  • Ханги-Мандал төмөр замын боомт байгуулах, хил холболтын цэгийг тохирох ажлыг эхлүүлэх,
  • Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтоос Замын-Үүд-Эрээн боомт хүртэлх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх,
  • Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар хоногт солилцох галт тэрэгний тоог 14-өөс 20 болгон нэмэгдүүлэх,
  • Орос-Монгол-Хятадыг холбосон Төмөр замын коридоруудыг харилцан уялдаатай төлөвлөх, хөгжүүлэх,
  • Монгол Хятадын хооронд агаарын шинэ хаалга нээж, хуваарьт нислэгийг үе шаттай сэргээх зэрэг санал тавив.

Дээрх асуудлыг ажил хэрэг болгох хүрээнд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ сарын 27-ноос 28-нд БНХАУ-д хийх айлчлалын үеэр дээр дурдсан асуудлаар тодорхой үр дүн гарна гэдэгт бүрэн итгэж байгаагаа талууд илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тодорхойлсон “харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталж, хамтын ажиллагааны онцгой асуудлыг тусгай арга замаар шийдвэрлэх” зарчмыг барьж, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээ Хятадын тал илэрхийлэв.