Засгийн газрын автобаазын бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ
2022.11.14

Засгийн газрын автобаазын бүтцийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 388 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын автобаазыг Улсын төсөвт үйлдвэрийн газраас Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн билээ.

Үүнтэй холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тус автобаазыг байгууллагын менежментийн төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын оновчтой арга хэмжээг авах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Засгийн газрын автобаазын захирал Г.Чинзориг болон холбогдох мэргэжилтнүүд тус баазын бүтцийн өөрчлөлтийн тухай төслийн танилцуулга, шаардлагатай хийгдэж буй санхүү, хүний нөөц, борлуулалт, маркетингийн менежментийн төлөвлөлтүүд болон зах зээлийн судалгааны тухай танилцуулав.

Засгийн газрын автобааз нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 ажилтан, албан хаагчтай, жилд улсын төсвөөс 3-аас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулж иржээ. Үүнийг 100 автомашин, 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгох зорилт тавин ажиллаж байна.

Тус бааз Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улаанбаатар хотод автомашиныг дуудлагаар үйлчилж, орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллах чиг үүргийн дагуу ажиллах болно.