2022.10.27

Б.Баттөмөр: Төрийн эзэмших хувийг багасгасан шийдвэрийг хэн гаргасан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ ямар хэлбэрээр хийх вэ гэдгийг олон талаас нь ярилцаж сайтар анхаарах хэрэгтэй. Өнгөцхөн тооцоход Эрдэнэтийн 3 жилийн орлоготой тэнцэх хэмжээний баялаг тэнд овоолттой байна. Баялгийн менежментээ зөв хийе л дээ. Баялгаас бусад зүйлийг хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. харин баялаг дээрээ Монгол улс монополоо тогтоож, бодлогоо хэрэгжүүлж, төр мөнгөтэй болж байж хөгжинө.

“Ачит ихт” ХХК анх байгуулагдахад 34% нь төрийн өмч байсан. Яагаад төрийн өмч өнөөдөр байхгүй болсон вэ? Хэн ямар шийдвэр гаргаж үүнийг байхгүй болгосон бэ?

“Эрдэнэт концерн” гэдэг байгууллага байхдаа “Эрдмин”-ий 51 хувийг эзэмшиж байгаад одоо 25 хувь болсон байна. Ар Си Эм ХХК 49% байснаа 58%, Дамдинжав гэх иргэн 6.5% болчихож. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ. Төрийн эзэмших хувийг багасгасан шийдвэрийг хэн гаргасан бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.