2022.10.27

Ц.Туваан: Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг мөрдөж, баялгийг эзэнд нь өгөөжтэй байдлаар шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.10.27/ “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Энэ тогтоолын төсөл дан ганц Эрдэнэт биш бусад бүх аймгуудтай холбоотой. Том газар нутаг, том баялагтай цөөхөн ард түмэн байгаа хэрнэ тал хувь нь ядуу амьдарч байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа шүү дээ. Хэдхэн олигархуд, мэдээлэл, дарга нарт ойрхон улсууд баялагт эзэн суучихаад дангаараа баяжаад байна. Энэ асуудлыг нийтээрээ ярих цаг болсон.

Өмнөговь аймагт жижиг Тавантолгой компани иргэддээ ногдол ашиг өгөөд болоод байна. Яагаад зарим нь болохгүй байна вэ? Яагаад алаг цоог байна вэ.

Улсын төсөв хэлэлцсэний дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болчихсон. Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг мөрдөх ёстой. Газрын хэвлийн доор, дээр байгаа баялаг ард түмний өмч мөн бол эзэн болсон хүмүүст нь өгөөжтэй байдлаар шийдье л дээ. Сөрөг хүчин нэг зүйл ярихаар байнгын хороон дээр эсэргүүцээд, ямар нэг байдлаар унагаах ямар хэрэг байна аа. Тэр байтугай сонин зүйл оруулж ирээд, батлуулаад дэмжигдээд явдаг биз дээ.

Эл тогтоолын төслийг Эрдэнэтийнхэн үүнийг дагаад Өмнөговь, Төв аймаг бусад уул уурхайн талаа там болтол ашиглуулаад байгаа газруудын иргэд нь, том байвал аймгаараа цаашлаад улсаараа ашиг хүртэх зөв жишиг рүү явах гаргалгаа гэж харж байгаа юм.

Тогтоолын төслийн хувь хуваарилсан тооцоо нь ямар тооцоололтой вэ? Ногдол ашгийг хэн хариуцаж, ямар байдлаар хуваарилах вэ?