2022.10.21
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн хэрэгжилтэд ХЭҮК мониторинг хийж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн хэрэгжилт, тэдгээр иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилсан эсэхийг судлах асуудалд ажиглалт, мониторинг хийж байна.
Ажиглалт, мониторингийн хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул, Баян-Өлгий аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэг нар Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай баг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын удирдлагууд болон иргэд, Цэцэгт багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, нөхцөл байдлыг тодрууллаа.
Нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд, малчдад төслийн үйл ажиллагааны явц, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтмол танилцуулж, тэдний оролцоог ханган, тэдэнтэй бодитоор зөвлөлдөх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо.