2022.10.18
“Хүний эрх энгийн үгээр” бүх гишүүдийн уулзалт боллоо
Монголын Эмнести Интернэшнлээс улирал бүр гишүүддээ үйл ажиллагаагаа тайлагнаж, гишүүдээ идэвхжүүлэх, үйл ажиллагаанд татан оролцуулах, хооронд нь танилцуулах, сайн сайхан байдлыг нь хангах зорилготой “Бүх гишүүдийн уулзалт”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаагийн уулзалтаар цаг үеийн, дэлхий дахины хүний эрхийн асуудлууд тэр дундаа Холбоо, сангийн хууль, хүний эрх хамгаалагчдад тулгарч буй эрсдэлүүд, жагсаал, цуглаан болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зай хумигдаж буй талаар гишүүддээ шинэ, соргог мэдээллийг хүргэлээ.
Мөн хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашгийг хамгаалдаг чимээгүй баатрууд болох “Хүний эрх хамгаалагчдын урам зоригийн түүх”-ийг сонссон бөгөөд МЭИ-ийн УЗ-ийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Б. Баялагмаа, МЭИ-ийн гишүүн, Дахин төлөвлөлт иргэдийн оролцоо эвслийн тэргүүн Б. Нямжав нар түүхээ, туршлагаа хуваалцлаа.