Ерөнхий сайдын DW агентлагт өгсөн ярилцлага: "Түүхэн сорилт ирээд байна"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд ХБНГУ-д айлчлал хийсэн. Энэ үеэрээ тус улсын нэр хүнд бүхий Deutsche Welle агентлагт ярилцлага өгсөн юм. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Сайн байна уу, ноён Ерөнхий сайд аа. DW агентлагт ярилцлага өгч буйд тань талархаж байна. Украины зарим нутаг дэвсгэрийг ОХУ өөртөө хууль бусаар нэгтгэснийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей буруушаагаад байна. Харин өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг ч мөн буруутгасан, харин энэ үед Монгол Улс түдгэлзсэн санал өгсөн. Яагаад түдгэлзсэн юм бэ?
-Манай улс эхнээсээ л алив асуудлыг энх тайванч, дипломат аргаар, талуудад хохирол багатай шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь, бодлого баримталж ирсэн. Бид дайны эсрэг, энх тайвны төлөө зогсож буй. Монгол Улсын хувьд энэ дайныг дахин үргэлжлүүлэхгүйг зорьж, асуудалд тайван замаар хандах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь дайн сунжрах тусам дэлхийн бүх улс орон хохирно.
Ялангуяа хөгжиж буй орнуудад хохирол илүү их тусна. Энгийн иргэд бүр ч хохирно. Тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болон Их Долоогийн орнууд нь асуудлыг энхийн хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа Монгол Улс илэрхийлсээр байна. Бид энэ байр суурьдаа үнэнч хэвээр.
-Мянга, мянган орос иргэн Монгол Улсын хилээр орж ирсэн. Украины дайнаас үүдэлтэй энэ асуудал танай улсын хувьд бодлогын хэмжээнд яригдаж эхэлсэн үү?
-Тийм ээ, энэ бол яг өнөөгийн нөхцөл байдал мөн. ОХУ дахь монгол үндэстнүүд, буддын шашинтнууд манай улс руу ихээр орж ирлээ. Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд тэд Монгол Улсад 30 хоног байх, хүсвэл түүнийгээ дахин 30 хоногоор сунгах боломжтой. Дээр хэлсэнчлэн, нөхцөл байдал хурцадвал бусад улс орнууд ч мөн ийм асуудалтай тулгарна. Ийм ч учраас давтаж ярих шаардлагатай болж байна. Энхийн замаар маш зөв шийдэл олж, энэ зөрчилдөөнийг хэлэлцээрийн ширээний ард авчрах хэрэгтэй байна.
Миний бодлоор Их Долоог тэргүүлж байгаа ХБНГУ, манай хөрш БНХАУ улс үүнд онцгой үүрэг гүйцэтгэж чадна. Би канцлер Олаф Шульцтай ч энэ талаар ярилцахаар төлөвлөж байна. Өргөн хүрээндээ энэ байдал даамжирвал дэлхий нийт, ялангуяа хөгжиж буй орнууд хохирол амсана. Дэлхий нийтэд өлсгөлөн нүүрлэж, эрчим хүчний хүнд хямралд орох эрсдэлтэй.
Тийм ч учраас хүн төрөлхтөн дайны эсрэг зогсох нь ойлгомжтой. Цөмийн зэвсэг хэрэглэхгүйгээр, аль болох зөвшилцлийн үндсэн дээр нөхцөл байдлыг шийдвэрлэх нь өнөөгийн дэлхийн удирдагчдын, ялангуяа НҮБ-ын түүхэн үүрэг гэж бодож байгаагаа дахин хэлье.
-Та ОХУ-ын Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийх шаардлагатай талаар давтан онцолсон. Ярилцах хүрээнд тэр бодлоо өөрчилнө гэж үзэж байна уу?
-Мэдээж энэ бол маш амаргүй нөхцөл байдал. Гэвч өнөөдрийн тухайд хүн төрөлхтөнд өөр сонголт байхгүй. Тийм ч учраас нөлөө бүхний орны удирдагчид болон НҮБ-ын зүгээс олон хүний амь нас, улс орнуудын эдийн засаг, амьдралын хэвийн хэмнэлд хохирол учруулахгүй, цөмийн зэвсэг хэрэглэхгүйгээр дипломат арга замаар нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг олох ёстой.
Өнгөрсөн хугацаанд дэлхий ертөнц үүнээс ч илүү хүнд хэцүү үеийг туулж ирсэн. Хэрэв энэ байдал улам хурцадвал цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд дэгдсэн “Ковид-19”-ийн араас нэрмэх болно. Нэмж дурдахад, энэ дайны нөхцөл байдал тодорхойгүй хугацаанд үргэлжилбэл дэлхийн аль ч улс ашиг хүртэхгүй. Дэлхий маш хүнд, хурцадмал байдалд орох болно. НҮБ болон өнөөгийн нөхцөл байдлын талаарх эргэлзээг улам нэмнэ.
Тэгэхээр нөхцөл байдал туйлын хүндэрч магадгүй гэж бодож байна. Тийм ч учраас өндөр үүрэгтэй субъектүүд маш их хүчин чармайлт гаргаж байгаад итгэлтэй байна. Үүнийг бид харж, ойлгож, дэмжиж байгаа. Тиймээс хэлэлцээр хийх боломж нэг ч гэсэн хувь байгаа бол ашиглах ёстой.
Дайны өмнөх хэсэг хугацаанд Орос, Украины хооронд мөргөлдөөн гарч магадгүй юм шиг харагдаж байв. Хүн бүр энэ тухай ярьж байсан ч тухайн үед хангалттай алхам хийгээгүй болов уу. Зарим нэг шүүмжлэлтэй дуу хоолой л сонсогдож байсан. Зарим нь дайн болохгүй гэж бодсон ч тэгээгүй. Одоо бид цөмийн зэвсгийн талаар ярилцах цэгт тулж ирээд байна. Мөн л цөмийн зэвсэг ашиглана, ашиглахгүй гэсэн хуваагдмал байр суурь харагдана.
Гэхдээ үй олноор хөнөөх зэвсэг гэдэг тоглоом биш. Хүн төрөлхтнийг устгаж ч чадна. Тэгвэл эдийн засгийн өсөлт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, дэлхий дээрх хүн төрөлхтний амьдралыг уртасгах тухай бүх яриа үр дүнгүй болно. Учир нь үй олноор хөнөөх зэвсгийн дэргэд дэлхийн дулаарал юу ч биш юм. Бид энэ байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг хичээж, цөмийн зэвсэг ашиглахаас өмнө хэлэлцээрт хүрэх хэрэгтэй. Энэ бол дэлхийн бүх засгийн газрын тэргүүнүүд, мөн НҮБ болон аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн хувьд маш чухал сорилт юм. Энэ бол түүхэн сорилт.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш өнгөрсөн зун манай улсад албан ёсны айлчлал хийсэн гэдгийг нэмж хэлмээр байна. Түүнтэй санал бодлоо солилцож, нэлээд удаан ярилцсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш заримдаа геополитикт хар салхи шиг үйл явдал тохиолддог гэж ярьсан. Энэ нь одоо болж байна. Шуурганы дараа давлагаанд цохигдсон чулуу чулуу хэвээрээ л үлддэг. Далай ч урьдынхаараа. Харин далайн олон амьтан үрэгдэж, хөвж явсан завь хөмөрнө.
Тиймээс түрүүнд хэлсэнчлэн, хэрэв энэ байдал үргэлжилбэл дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрч, олон хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй нь миний хамгийн том айдас. Хэрэв энэ байдал улам бүр даамжирч, үүнээс болж засгийн газартаа итгэх итгэл суларвал эмх замбараагүй нөхцөл үүсэж болзошгүй.
-ХБНГУ барууны орнуудын адилаар газрын тос, байгалийн хийн тухайд ОХУ-аас хараат байдлаа бууруулахыг хичээж байна. Харин ОХУ-аас байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ руу тээвэрлэх шинэ төсөл яригдаж байгаа. Энэ төслийг 2024 онд хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө хэвээрээ юу?
-Эрчим хүчний хараат байдал бол ХБНГУ ба манай орны хувьд тулгамдсан асуудал мөн. Энэ нь дэлхий нийтийн асуудал болж байна. Тиймээс Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Бид ХБНГУ-тай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлээд буй. Энэ бол эдийн засгийн хараат байдлаас гарах том бодлого.
Энэ бодлогын хүрээнд ХБНГУ-ын Засгийн газартай хамтран эрчим хүч, үйлдвэржилттэй холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Жишээлбэл, ирээдүйд улам бүр хүчээ авах цахилгаан автомашин байна. Герман улс энэ салбартаа тэргүүлдэг. Энэ хүрээнд баттерейнд ашигладаг түүхий эдийг Монгол Улсад боловсруулах боломж бий. Тиймээс Монгол Улстай тухайн салбарт харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах сонирхолтой байна. Энэ нь Монгол Улсын хувьд эрчим хүчний бие даасан байдлаа хадгалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг давуу талтай. Мөн ХБНГУ-ын хувьд нэг улсаас хараат бусаар цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болох, автомашины зах зээл дээр Монгол Улстай хамтран ажиллах боломж бий болно.
Мэдээж бид өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн төслүүдээ зогсоогоогүй. Орос, Украин нөхцөл байдал үүсэхээс өмнө Монголын нутаг дэвсгэрээр дамжин Оросоос Хятад руу хийн хоолой тавих нь бидний судалж байсан хэд хэдэн томоохон төслийн нэг байсан. Хийн хоолойн төсөл судалгааны шатандаа явж байна. Гол нь үнийн хувьд БНХАУ-тай тохиролцоонд хүрэх нь чухал. Энэ тухайд тохиролцоонд хүрээгүй хэвээр байна. Хэрэв энэ хоолой Монголоор дайрвал аль аймгуудаар дамжин өнгөрөх, ямар урттай байх вэ зэрэг асуудлыг судалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.САНСАРМАА