УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзлаа
Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдөр (2022.10.14) тус улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзсан.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Зүхтү Арслан Улаанбаатар хотноо болсон Азийн нийгэмлэгийн V хуралд оролцох үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн талаар сонирхолтой илтгэл тавьж байсныг онцлон тэмдэглэв.
Мөн хоёр улсын Үндсэн хуулийн цэц болон шүүхийн хамтын ажиллагаа эрчимжиж, харилцан айлчлал, хурал зөвлөгөөн хийж, туршлага солилцох арга хэмжээ тасралтгүй үргэлжилж буйд Улсын Их Хурлын дарга сэтгэл хангалуун байдгаа мэдэгдээд, цаашид энэ чиглэлийн судалгааны ажилд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Үндсэн хуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсэг байгуулан ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр судалгаа хийж байгаа талаараа Улсын Их Хурлын дарга хөндөв.
Уулзалтаар Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс Үндсэн хуульдаа удаа дараа амжилттайгаар нэмэлт, өөрчлөлт хийсэн үр дүнгийн талаар санал солилцож, Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсан.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголын парламентын төлөөлөгчид Үндсэн хуулийн шүүхийн байранд морилон ирсэн нь нэр төрийн хэрэг болохыг тэмдэглээд, тус улс нь Үндсэн хуулийн шүүх байгуулсан европ тив дэх эртний түүхтэй орны тоонд багтдагийг онцлов.
Тэрбээр, Үндсэн хуулийн шүүхийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг энэ чиглэлд дэмжин ажиллахаа мэдэгдсэн.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх нь 1961 онд байгуулагдсан бөгөөд тус шүүх нь Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буй эсэхэд хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ 2010 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тус шүүхийн бүрэлдэхүүн, бүрэн эрх, бүтцэд өөрчлөлт оруулж, иргэд бие даан Үндсэн хуулийн шүүхэд хандах тогтолцоог бүрдүүлсэн аж. Мөн 2017 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тус шүүхийн шүүгчийн тоог 15 болгож, Ерөнхийлөгчийн зарлиг нь агуулга, хэлбэрээрээ Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар гаргасан нэхэмжлэлийн дагуу шалгах эрхтэй болжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хууль зөрчсөн аливаа нэг улстөрийн намыг татан буулгах эрхтэйгээрээ онцлогтой.