Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Катрин Ивкофийг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар уулзалтын эхэнд, салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд Канадын компаниуд зорин ирж оролцсонд, өнгөрөгч 6 дугаар сард Торонто хотноо зохион байгуулагдсан “Канадын Хайгуулч, Олборлогчдын холбооны олон улсын чуулга уулзалт” /PDAC-2022/-д Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоход Элчин сайдын яамны зүгээс хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Канад Улс нь Монгол Улсын уул уурхайн салбарын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 30 жилд Монголд орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхайн хайгуул, олборлолт, газрын тосны салбарт орсон хөрөнгө оруулалт эзэлж байсан.
Канадын Экспортыг Хөгжүүлэх Байгууллага болон CIBC банк санхүүжүүлсэн, дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгой зэс-алтны уурхайн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, далд уурхайн олборлолт ирэх 2023 оноос эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Салбарын сайдын хувьд уул уурхайн салбарт баримтлах бодлогод хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах чиглэлд анхаарч ажиллаж буйгаа илэрхийлээд тус улсаас хөрөнгө оруулалтын чиглэлээр бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн.
Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулж байгаа геологийн суурь судалгаанд Канад Улсад хэрэглэж байгаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хайгуулын салбарт компаниудыг урин ажиллуулах асуудлаар Канад Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, Торонтогийн Хөрөнгийн Биржтэй гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаад энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллахыг хатагтай Катрин Ивковоос хүслээ.
Элчин сайд Катрин Ивков, Канад Улс бол тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайн чиглэлд дэлхийд жишиг болохуйц тэргүүлэгч улс юм.