Монгол улсын хэмжээнд 699 шүүгч ажиллах шаардлагатай
2022.09.16

Монгол улсын хэмжээнд 699 шүүгч ажиллах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлэх үүрэгтэй Үндсэн хуулийн байгууллага юм.

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Уулзалтаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт болон шүүх байгууллагын шинэчлэл, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарч ажиллах асуудлын талаар санал солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд нийт 699 шүүгч ажиллах шаардлагатай боловч одоогийн байдлаар 479 шүүгч ажиллаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сул шүүгчийн орон тоонд томилогдох шүүгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зохион байгуулж байгаа аж. 2022 онд шинээр 36 шүүгч томилох сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа талаар танилцуулсан юм.

Шүүхийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт хамтран ажиллаж, шүүхийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах талаар, мөн төсвийн хөрөнгө оруулалтад анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв.