Л.Энх-Амгалан: Монгол Улс даяар сургууль, цэцэрлэг 100% танхимаар нээгдэж буй сайхан боломж бидэнд ирлээ
2022.09.01

Л.Энх-Амгалан: Монгол Улс даяар сургууль, цэцэрлэг 100% танхимаар нээгдэж буй сайхан боломж бидэнд ирлээ

Хичээлийн шинэ жилийн мэндийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүргэлээ. Түүний хэлсэн үгээс онцлон хүргэж байна.

Есдүгээр сарын 1

Ерөөсөө бидний баяр юм гэж монголчууд ярьдаг хичээлийн шинэ жил бол том баяр юм. Сурагч, оюутнууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн намар Ковидын хүнд хэцүү үед зоримог шийдвэр гаргаж, хичээлээ танхимын болон танхимын бус хэлбэрээр нээж байсныг иргэд мартаагүй болов уу. Энэ хичээлийн жилд Монгол Улс даяараа сургууль, цэцэрлэг 100% танхимаар нээгдэж буй сайхан боломж бидэнд ирлээ.

Өнгөрсөн жил Монгол Улсад орчин цагийн боловсрол үүссэний 100 жилийг ой тохиосон. Дараагийн 100 жилийн анхны хичээлийн жил эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Боловсролын 2,500 орчим байгууллага бий. Эдгээр байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг өнөөдөр ёслол төгөлдөр залж байгаагаараа онцлогтой жил болж байна.

Мэргэжлийн боловсрол олон жил Хөдөлмөрийн яаманд харьяалагдаж байгаад Боловсролын яаманд ирсэн. Ингэснээр Монгол Улсын боловсрол бүтэн системээрээ ажиллах, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх сайхан боломж нээгдэж байна. Тухайлбал цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 100 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор УИХ, Засгийн газар баталж өгсөн.

Жил бүр цэцэрлэгт орох хүүхдийг сугалаагаар оруулдаг байлаа. Сугалааны гадна 38,000 хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил эдгээр хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болсон.

ЕБС-ийн хувьд гурван ээлжийг хоёр ээлж болгох асуудлыг олон жил ярьсан. Энэ хичээлийн жилийн онцлог нь ЕБС-уудад боловсролын үнэлгээний тогтолцоог эхлүүлж байгаа. Чанартай боловсрол олгох чухал байдаг. Ингэхийн тулд хүүхдүүд ямар гараанаас эхэлж буйг бид мэдэж байх ёстой. Өнгөрсөн жил гарааны оношилгоо хийж байсан, энэ намар ч хийнэ. Энэ нь шалгалт биш.

Ковид бидэнд цахим сургалтын боломжийг олгосон. Энэ хүрээнд мэдлээ.мн платформ буюу виртуал сургуулиудыг энэ жил Монгол Улс даяар зохион шинээр байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл шалтгаалан Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалган, кредитээ үнэлүүлэх тогтолцоо руу шилжиж байна.

10 дугаар ангийн хүүхдүүд сонгоны хичээлээ виртуал сургуулиар дамжуулан үзэх боломж нээгдлээ.

Үүнээс гадна 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд "Үдийн хоол" өгч, сургууль бүрд сэтгэлзүйч ажиллаж буй онцлогтой.

Хөдөө орон нутагт сурч буй хүүхдүүдийн нийгмийн орчныг сайжруулж, ариун цэврийн байгууламжийн шинэчлэл буюу модон жорлонг халах бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа он жилүүд болж байна.

Мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд шинэчлэлүүд эхэлнэ. Монгол Улсад нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурал нь мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоо байсан. Энэ тогтолцоог халж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд уялдсан мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнийг бэлтгэнэ.

Монгол Улсад 40,000 орчим инженер, техникийн ажилтнууд хэрэгтэй байгаа. Эдгээр мэргэжилтнийг бэлтгэх тогтолцоог бий болгоно.

Хүн насан туршдаа боловсрох ёстой. Дэлхийн нийтийн чиг хандлага ийм болсон. Монгол Улсын боловсролын салбар насан туршдаа хүн бүхэн суралцдаг боломжтой болох тогтолцоо руу алхаж байна.

Хүн нь хөгжсөн улс орон хөгждөг. Монгол Улсын хөгжил дэвшлийг боловсрол тодорхойлсон түүхэн зууны хичээлийн шинэ жил эхэлж байна.

Сайн багшийн гар дээр Монголын маргаашийн мянга мянган нар манддаг гэсэн сайхан үг бий.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn