2022.08.29

Барилга, хот байгуулалтын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа

Монгол Улсад анх 1927 онд Барилгын зураг төслийн конторыг байгуулжээ. Гэвч нийгмийн шилжилтийн үед энэ байгууллагыг татан буулгасан аж. Харин энэ оны зургадугаар сарын 4-нд Хот байгуулалт, зураг төслийн институтийг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ийг түшиглэн байгуулахаар хоёр хэлтэс шинээр байгуулжээ.

Энэ институтэд Монгол Улсын хүн амын нутагшил суурьшлын схемийг бий болгоно. Үүнийг үндэслэн хот, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг шинэчилж боловсруулна. Улсын хөрөнгөөр баригдаж байгаа бүхий л барилга, байгууламжийн захиалагчийн үүргийг гүйцэтгэж, хяналт тавьж, ашиглалтад хүлээн авна. Мөн барилгын норм, дүрмийг боловсронгуй болгож, шинэчлэх зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд хот байгуулалт, зураг төслийн салбарын бодлогын асуудлыг хэлэлцэхээр Барилга хот байгуулалтын яам, Зураг төсөлчдийн ахмадын зөвлөл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ийн төлөөллүүд өнөөдөр /2022.08./29/ уулзаж, ярилцав.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Үеийн шилжилтэд боловсон хүчний тогтолцоо ч төрдөө ч хувьдаа ч алдагдсан. Тийм учраас бид одооо нэгдэх ёстой. Нэгдэх малгай нь энэ институт. Том хэмжээний бүтээн байгуулалтын зургийн даалгаврыг гүйцэтгэх боловсон хүчин Монголын төрд алга" гэдгийг онцлов.

Зураг төсөлчдийн ахмадын зөвлөлийн дарга, Монгол Улсын Зөвлөх инженер С.Чулуунбат "Социализмын үед барилгын зураг төслийг боловсруулдаг хамгийн гол байгууллага Улсын барилгын зургийн төв институт байсан. Энэ байгууллага 15 аймагт салбар зургийн товчоодтой байлаа. Төв институтаараа хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө, сургууль цэцэрлэгийн нэг маягийн зураг боловсруулдаг, инженер биологийн судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний дээд мэргэжлийн архитектур, инженерүүд гээд 1000 гаруй ажилтантай байв. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бүхий л барилгыг энэ байгууллага болон салбар товчоод гаргадаг байлаа. Гэвч шинэ нийгэм тогтсоноос хойш задарч, бутарсан.
Зураг төсөл хийнэ гэдэг маш нарийн ажил. Норм, дүрэм батална. Үүний дагуу зургаа иж бүрнээр нь боловсруулж гаргадаг байв.

Бид социализмын үед боловсон хүчнээ ийнхүү бэлтгэж энэ нийгэмд ажиллах хүчний бааз суурийг бий болгож чадсанд амжилт нь байгаа юм. Одоо цагт барилгын зураг төслийг орчин үеийн техник хэрэгсэл, компьютерын технологийг эзэмшсэн өндөр боловсролтой залуус чадмаг гаргаж байна. Гэвч зураг төсөл алдаатай байна гэж шүүмжилдэг. Барьсан барилга, босгосон хот сууриныг хараад залуу үеэрээ бид маш их бахархаж байгаа.

Аахар, шаахар алдаа бий. Энэ алдаа бидний залууд, социализмын үед ч гардаг л байсан, энэ үед ч тэр, ирээдүйд ч гарах байх. Засаж, сайжруулахын төлөө залуу үе минь хичээж байна. Сайхан хорооллуудыг харж байна, дотор нь амьдарч үзлээ. Тэднээр бахархахгүй байхын аргагүй. Сүүлийн 30 жилд улс орон танигдахгүй болтлоо шинэчлэгдлээ. Бэрхшээлүүд бий л дээ. Засаж залруулахын тулд зураг төслийн институтийг шинээр бий болгож байгаа нь цаг үеэ оллоо гэж бодож байна" хэмээлээ.

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Монгол Улсад барилгын салбар үүсэж, хөгжөөд 96 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Манай улсад тэг дөрвөлжин, шоо хэлбэртэй барилгууд баригдаж байсан. Харин сүүлийн үед архитектуруудын шийдэлтэй барилгууд нэмэгдэж байгаа. Жишээ нь, "Степпе Арена" мөсөн өргөө, Хаанбанкны барилгыг нэрлэж болно. Бид ирэх есдүгээр сарын 2-нд шилдэг барилгуудыг шалгаруулна. Эндээс барилгын салбарын архитектуруудын шийдэл аль түвшинд явааг харж болно.

Барилгын зураг төслийг 100 хувь хувийн хэвшлийнхэн гүйцэтгэдэг. Чадамж, боловсон хүчний асуудал яригдаж байгаа. Мөн эдийн засгийн үзүүлэлт ч нөлөөлдөг. Улсын төсвийн болоод барилгын салбарын хөрөнгө оруулалт доголдоод ирэхээр зураг төслийн компаниудын үйл ажиллагаа тасалддаг. Тухайлбал, 012 оны эдийн засгийн хямралын үед зургийн компаниуд ажилгүй болж, хүний нөөц тасалдсан. Эргээд 2017 оноос улсын төсвийн болоод хувийн хэвшлийн барилгын хөрөнгө оруулалт сэргээд ирэхэд зургийн компаниудын үйл ажиллагаа сайжирсан.

Барилга хот, байгуулалтын яаманд 2021 оноос эхлээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа болон ирээдүйд барихаар төлөвлөсөн барилгуудын зургийн ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн. Ингээд ийм зураг төслийг гүйцэтгэх институт зайлшгүй байх ёстой юм байна гэж үзсэн" гэлээ.


Монголын Барилгын Зураг, Төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвэлмаа "Зураг төслийн институтийг Барилгын хөгжлийн төвийн дотоод бүтцэд байгуулж буй юм байна. Энэ институтийн гүйцэтгэх үүрэг маш өндөр гэж харж байгаа. Тиймээс эрдэм, шинжилгээ судалгааны чиглэлээр үүрэг гүйцэтгэх бүтэц зайлшгүй байх нь зүйтэй.

Зураг төсөл, барилгын чанарыг сайжруулахад стандартаа мөрдөх нь хамгийн чухал. Гэтэл манайд барилгын зураг төслийн стандарт, дүрмийг бүрдүүлэхээ гадна түүнийг мөрдөх асуудал хангалтгүй байдаг шүү дээ. Үүнийг сайжруулах арга зам нь эрдэм шинжилгээ судалгааны үндсэн дээр норм, дүрмээ сайжруулах юм. Стандартаа ягштал мөрдөх л хамгийн чухал байгаа юм. Нар хаалаа, тоглоомын талбайг зогсоол болголоо гэдэг. Үүнд төрийн зохицуулалт маш хэрэгтэй байна" гэв.

Монгол улсын зураг төслийн салбарт өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшил давамгайлсан 811 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зураг болон бүртгэлийн мэдээлэл бий.