Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн судалгааг танилцууллаа
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид өнөөдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын хүн амын дундах амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав.
Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын дарга И.Баатархүү нар оролцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээн хүрээнд хувийн салбараас тэр дундаа эрүүл мэндийн салбараас хөрөнгө оруулалт хийх, эмнэлгийн байгууллагын удирдлагын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн ард иргэдийн өвчилж буй өвчлөлийн судалгааг та бүхэнд танилцуулж байна.
Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп болох Токушүкай медикал группийн ерөнхийлөгч болоод хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Тус групп салбар эмнэлгээ манай Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирна. Яагаад гэвэл зөвхөн тоног төхөөрөмж, барилга байгууламж биш боловсон хүчний бодлогоор дэмжиж, оношилгоо, эмчилгээ хийх баг бүрэлдэхүүнээрээ ирэх гэж байгаа нь хоёр улсын харилцаанд нэн шинэ үеийг авчрах юм” хэмээн өгүүлсэн юм.
Улаанбаатар хотод жилд зүрх судасны өвчлөл ихсэж, илүүдэл жинтэй холбоотой асуудал зэрэг өвчлөл түгээмэл байна. Нөгөөтээгүүр хамрын хөндийн эрхтний буюу харшил, агаар орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын олон төрлийн шинэ өвчин гарч байна. 2015-2022 онд Улаанбаатар хотод 886.8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Амьсгалын дээд замын 23 төрлийн өвчлөл бүртгэгдсэнээс 10 төрлийн өвчин зонхилон гарч, нийт өвчлөгсдийн 74 хувийг эзэлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр танилцуулгадаа онцолсон.
Улаанбаатар хотын хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн энэхүү төслийг Улаанбаатар хотын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.