2022.08.19
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзул болон шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиадад бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотноо 2022 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд болсон билээ.
Оюуны спортын тэмцээнд дэлхийн 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монголын эмэгтэй шигшээ баг 160 орны 162 багаас 15 дугаар байр, эрэгтэй шигшээ багийнхан дэлхийн 187 орны 188 багаас 35-р байр эзэлж, Монголын шатрын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа юм.