Хүнсний аюулгүй байдлыг хангахаар НҮБ-ын ХХААБ-тай хамтран хоёр шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо
ХХААХҮЯ болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай (ХХААБ) хамтран хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг сайжруулах, салбарын төлөвлөлтийг оновчтой болгох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын цахимжуулах хөтөлбөрийг цаашид ахиулахад чиглэсэн шинэ санаачлагуудыг эхлүүллээ.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч ноён Винод Ахужа нар Техникийн хамтын ажиллагааны хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа.
Нэгдүгээр төслийн хүрээнд, Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны бодлогын үндэс, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах юм. Салбарын хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байгаа юм. Хоёр дахь төсөл нь улс орны хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.
Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “2022 оны хувьд бидэнд их ололттой жил болж байна. ХХААХҮ-ийн салбар анх удаа улс төр, нийгмийн анхаарлын төвд орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улсын хэмжээнд хүнсний хангамж – аюулгүй байдал хөдөлгөөнийг өрнүүлж, УИХ-аар тогтоолын төсөл нь батлагдаж, урт хугацаандаа бодит үр дүнгээ өгөх том алхам болсон. Дэлхий нийтээрээ хямралтай байгаа энэ цаг үед манай улсын ХХААХҮ-ийн салбар ирэх 5 жилийн хугацаанд өргөн хэрэглээний хүнсээр дотоодын хэрэгцээг хангах, хүнсний хомсдлоос сэргийлэх зорилготой ажиллаж байна.
Иймд НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх хоёр төсөл манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгөх техник туслалцаа үзүүлэх чухал ажлууд болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн бид НҮБ-ын ХХААБ-тай хамтран хүсний ногооны бүртгэлийн систем, өндөр түвшний мэдээллийн салбар гэсэн 2 системийг хөгжүүлсэн. Уг системээр хүнсний ногоо тариалагчдыг бүртгэх, тариалалт, ургац хураалтыг үр дүнтэй төлөвлөх, оновчтой бодлого төлөвлөлт явуулахад туслах юм.
Харин мэдээллийн самбараар газар тариалан, мал аж ахуй болон бусад хөдөө аж ахуйн статистикийн дотоод мэдээллийг бүртгэх, удирдах, үнэлэх боломжийг олгож, төрөөс ахисан түвшний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах боломжийг олгодог өөр нэгэн цахим хэрэгсэл юм. Энэ хоёр системээр салбарын бодлого төлөвлөлтөд тоон мэдээ мэдээлэл цуглуууулах, дүн шинжилгээ хийхэд хүний механик ажиллагааг хөнгөвчлөх бүрэн боломжтой гэж харж байгаа” гэлээ.
НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа ХХААХҮ-ийн сайдад талархаад, ХХААХҮЯ-ны үйл ажиллагааг цаашдаа ч дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Уулзалтын үеэр тэрбээр “Сүүлийн хэдэн жилийн сорилт бэрхшээлийн ачаар бид өөрсдийн тэсвэр хатуужил, хүч чадлыг харсан, мэдэрсэн жилүүд байлаа.
Монголын хүнс үйлдвэрлэгчид хүнд хэцүү цаг үед үйлдвэрлэлээ зогсоолгүй үргэлжлүүлж чадсан нь энэ салбарын чадавхыг харуулж тэднийг энэ цагийн эгэлгүй баатрууд гэдгийг харууллаа. Цаашид бид ирээдүйд гарч болзошгүй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг идэвхтэй тодорхойлж, эрсдэлд бэлэн байж, боломжтой бол тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй.
Бидэнд арга хэрэгсэл нь бий, мэдлэг техникийн чадавх нь бий, мөн бидэнд олон улсын хамтын ажиллагаа харилцаа холбоо хангалттай байгаа учраас бид хамтдаа үндэсний хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулж чадна.
Монгол Улсын Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийг сайжруулах, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хүчин чармайлтаа эрчимжүүлж байгаад бид үнэхээр баяртай байна.
Мөн Хүнсний аюулгүй байдал, хангамж, чанарыг сайжруулах, хоол тэжээлийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, ажлын байр бий болгох, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, малын гол халдварт өвчний хяналт, байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экосистемийн доройтлоос урьдчилан сэргийлэх, зэрэг олон салбарт анхаарлаа хандуулж байгаа” хэмээн онцоллоо.