Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцсан юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн.
Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна. Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн.
Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна.Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэлээ.