2022.07.26
СХД-ийн хороодод тулгамдаж буй асуудал дээр удирдлагууд ажиллалаа
Өнөөдөр /2022.07.26/ Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт хороодод ажиллалаа.
Ажлын хэсэг улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, төлөвлөгөө, дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцсан юм.
Тодруулбал, 5-р хороо ханын материалд нийтийн нойлыг ашиглалтад оруулж өгөх, 6-р хороонд Нийслэлийн автозамын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан талаар дурдлаа. 23 болон 27 дугаар хороонд зургаан айлын газар чөлөөлж дууссан бөгөөд цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байгаа гэдгийг хорооны Засаг дарга нар хэлж байсан юм. Мөн 39, 43 дугаар хорооны цогцолборын хажууд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хамт барих үүрэг өгөв.
Түүнчлэн 39, 31 дүгээр хороог холбосон 800 метр зам тавих, Хамбын овооны 4,5 га талбайн тохижилт, 31, 11 дүгээр хороог дамнасан автозамын ажлуудтай танилцлаа. Хороонд бас нэгэн тулгамдсан асуудал болох гарааш буусан талбайн цэвэрлэгээг яаралтай хийж, 08-дугаар сарын 01-н гэхэд бүрэн цэвэрлэж дуусахыг Газрын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, ТЦҮ ОНӨААТГ-т үүрэг болголоо.
Энэ үеэр орон нутгийн зүгээс түргэн хугацаанд шийдвэрлэх боломжтой тохижилтын ажил, тоглоомын талбайн засвар, газар чөлөөлөлт, авто зам засвар гэх мэт ажлуудыг газар дээр нь шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, албадын дарга нарт хэллээ.