Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх судалгааны багийнхны тайлантай танилцав
2022.07.18

Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх судалгааны багийнхны тайлантай танилцав

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Дорнод Монголын хээрт багтах 5 улсын тусгай хамгаалалттай газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтад оруулсан. 

Үүний дагуу БОАЖЯ, Юнеско-гийн Монголын үндэсний комисс, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Михайл Зукков сан болон “Монголын шувуу хамгаалах төв” хамтран Дорнод Монголын хээрийг “Дэлхийн өвд” бүртгүүлэхтэй холбогдсон судалгааг хийж гүйцэтгэжээ. 

Судалгааны баг Дэлхийн өвийн конвенцийн үйл ажиллагааны удирдамжийн (ix) болон (x) шалгуурыг хангах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, номинацийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. 

Судалгааны багийнхан Зүүн бүсэд судалгаа шинжилгээ явуулдаг олон улсын болон үндэсний байгууллагуудын төлөөлөл, судлаачидтай дээрх нутгуудын биологийн олон янз байдал зэрэг судалгааны үр дүнгийн талаарх төлөвлөсөн уулзалтуудыг зохион байгуулж, 7 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Тус багийг 7 дугаар сарын 16-ны өдөр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хүлээн авч уулзан, тайланг хүлээн авав. Уулзалтад яамны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх болон Дэлхийн өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Болдбаатар, Дорнод байгаль хамгаалалтын захиргааны дарга Н.Эрдэнэбаяр нар оролцов.