2022.06.27
Барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын талбайд гарч буй ослуудын талаар хэвлэлийн хурал хийлээ. Өнгөрсөн долоо хоногт барилгын талбайд гарсан эмгэнэлт ослуудын шалтгаан нөхцөлийг үнэн зөв тодруулж, хохирогчдын гэр бүлд болон олон нийтэд бодит мэдээллийг хүргэн, хууль эрх зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхээр МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гаргажээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
"Өнгөрсөн долоо хоногт Номин Реалтор ХХК-ийн барьж буй "Силк Рөүд" 16 давхар орон сууцны барилга дээр өргөгч кран нурсны улмаас хоёр залуу газар дээрээ нас барж нэг хүн бэртсэн. Нэг өдрийн дараа Маршал таунд баригдаж байсан барилга дээр өргөгч нурж нэг залуу амиа алдаж, нэг залуу бэртсэн. Дөнгөж сая энэ мэдээллийг хийхийн өмнөхөн суурийн нүх ухаж байсан хоёр залуу суурийн блоконд даруулж нас барсан байна. Мэдэгдэж байгаа нь эдгээр ослууд болж байна. Гурав, дөрөвхөн хоногт таван залуу нас баржээ. Барилга болгон дээр осол гардаг нөхцөл байдал үүсээд байна.
Барилгын компанийн захирлууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр ойлгож, хариуцлагагүй хандаж байна. Наадам болохоос өмнө барилгын ажлаа дуусгая л гэдэг. Юун хөдөлмөрийн аюулгүй байдал. Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй. Хий гэснийг нь л хийж байна. Шөнөжин өдөржин ажиллуулдаг. Ийм нөхцөл, байдлаас болж хүний алтан амь эрсдэж байна. Гэтэл үүнийг тоож байгаа хүн алга, найр наадам л ярьж байна. Засгийн газар энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй.
Залуучууд маань эрүүл ахуй, аюулгүй байдал хангаагүй газарт бүү ажил. Аминаас илүү ажил гэж үгүй. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуультай нь гэрээ хийгээд барилга дээр маш их ажиллуулдаг юм байна. Гэтэл аюулгүй орчинд ажиллах эрх нь ноцтой зөрчигдөж байна. Барилгын компаниуд хүний амиар тоглож ашиг хийхгүй. Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээч. Барилгын эзэд барилга дээрээ очиж ажиллах хэрэгтэй" гэв.