Орон нутагт хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа нь жигдрээгүй байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл”-ийг (2022.03.30) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан хэлэхдээ "Комиссоос 2021 онд хийсэн судалгаа, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалт төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 30 саналын хамт хүргүүлсэн. Үүний 4 санал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байсан юм" гэлээ.
Энэхүү илтгэлд 2021 оны 4 дүгээр сараас хойш КОВИД-19 цар тахлын үед хүний эрх эрх, чөлөөг хамаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага сургамж, жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, зөрчлийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт болон цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ гэсэн үндсэн зургаан сэдвийг хөндсөн байна.
Харин гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд судалгаа хийж, дараах саналыг гаргасан байна.
Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийт 32 журам, 1 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Бодлогын тувшинд дээрх ахиц дэвшил гарч буй хэдий ч Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадахгүй, хохирогчид үзүүлж буй тусламж үйлчилгээ хангалтгүй байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,053,633 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 949,669 дуудлагад хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг үзүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 90 хувийг хөнгөн, 10 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 55.7 хувь нь Улаанбаатар хотод, 44 3 хувь нь орон нутагт, 51.91 хувь нь согтуугаар, 7.2 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн байна. 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 24,994 иргэн өртөж хохирсноос гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1,489 иргэн хохирсон, үүнээс 1,310 буюу 88 хувь нь эмэгтэй, 159 буюу 10.7 хувь нь хүүхэд байна.
Үүнээс үзэхэд хүчирхийллээс үүдсэн сэтгэл санаа, нийгэм эдийн засгийн ноцтой хор уршгийг гэр бүл, хүүхэд амссаар байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг үр дагавар учруулж байна. Тооцоо судалгаанаас үзэхэд хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 601.2 тэрбум төгрөг болж байгаа талаарх мэдээллийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 2/70 дугаар албан бичигт эш татсан байна.
Тиймээс ХЭҮК, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2021 онд Гэр булийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаа нь хохирогчид ээлтэй, хүний эрхэд суурилсан, бодитой, хүртээмжтэй нийцтэй эсэхэд 21 аймгийн 24 сум, 16 багийн нийт 40 хамтарсан баг, 19 аймгийн 14 түр хамгаалах байр, 7 нэг цэгийн үйлчилгээний төвийг сонгон авч, хяналт, үнэлгээ хийж, энэхүү илтгэлдээ тусгажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар анх удаа гэр булийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогчид сэтгэл зүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамж, хүүхэд хамг хамгаалал, холбон зуучлах үйлчилгээг анхан шатанд үзүүлэх хамгийн чухал үүргийг хамтарсан багт ноогдуулсан. Гэвч хуулиар хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийг бий болгоод 6 жил болж буй ч өнөөг хүртэл орон нутагт хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа нь жигдрээгүй, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, ихэнх сумын хамтарсан багууд хэлбэр төдий ажиллаж байна гэх дүгнэлтэд хүрчээ.
Тус дүгнэлттэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд дараах саналыг дэвшүүлсэн байна.
Үүнд:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар бий болгосон хохирогч хамгааллын бутэц, тогтолцооны зураглалыг харилцан уялдаатай гаргаж, байгууллагуудын чиг үүргийн давхцалыг арилгаж, уялдаа холбоог хангах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;
- Хамтарсан багийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулах, сум, багуудад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тусгайлан бий болгох, эсхүл нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх;
- Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй эхлүүлэх, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх;
- Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны стандартыг батлан гаргах, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг хуулиар тогтоосон тус бүрийн чиг үүргийн дагуу ажиллуулах;
Хүний эрхийн үндэсний комиссын болоод хамтарсан багийн хийж гүйцэтгэсэн судалгаа мэдээлэлд үндэслэн гаргасан санал дүгнэлтийг ажил хэрэг болгож, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулснаар гэр бүлийн хүчирхийллээс хүн бүр ангид байх эрхээ хангаж чадах юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn