25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, амралт зугаалгын талбай нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшилд ороогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн талбай, ногоон байгууламж бүхий 108 байршлын 208.3 га газрыг НИТХ-ын дөрвөн удаагийн хурлаар нийтийн эдэлбэрт бүртгэсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршилд 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөлөө. Үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн” хэмээлээ.
Тодруулбал,
Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,
Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,
Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,
Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,
Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,
Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх юм.
Тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэв.
Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
2022 оны төсвийн тухай хуульд он дамжин хэрэгжих нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга барихаар заасан учир Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байрыг өмчийн бүртгэлээс хасах хүсэлт ирүүлсэн. Мөн 28-р сургуулийн I байрыг шинээр барих төсөл батлагджээ. Тухайн сургуулийн барилга нь 1964 онд ашиглалтад орсон, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих болсонтой холбогдуулан барилга барих талбайд буй гарааш болон агуулах барилгыг буулгах хүсэлт ирүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээ, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дагуу барилгыг Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн зураг төсвөөр барихаар зөвшөөрсөн байна.
Тус гурван барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn