Гарааш чөлөөлөх ажил 57.2 хувьтай байна
2022.06.13

Гарааш чөлөөлөх ажил 57.2 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ.

Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна. Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.

СОЁЛ УРЛАГ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэсэн юм. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг хэллээ.

“EDoc” СИСТЕМЭЭР БИЧИГ СОЛИЛЦОХ НЬ 23 ХУВИАР ӨСЖЭЭ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн шийдвэрлэлт болон “EDoc” системийн ашиглалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул танилцуулав. Нийслэл, дүүргийн 1004 байгууллагын 13.700 гаруй албан хаагч энэ системийг ашиглаж байна. Эдгээр байгууллагаас 959 байгууллага нь тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. “EDoc” системээр бичиг солилцох нь 23 хувиар өссөн байна. Албан бичиг шийдвэрлэлийн хугацаа хэтрэлт багасаж байгаа хэдий ч энэ нь огт байх ёсгүй үзүүлэлт гэдгийг тэрбээр тодотгож байв.

ГОРХИ, ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ДААЦ ХЭТЭРСЭН

Сүүлийн үед Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудал хэл ам дагуулж, нэг л өдөр буулгачихсан мэт ойлголт нийгэмд түгээд буй. Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу Хотын дарга холбогдох албаныхны хамт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сарын 3-нд Туул гол, Дугуй цагаан орчмын газруудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, улмаар төлөвлөлтийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тендер сонгон шалгаруулалт зарлахад “Энигма” ХХК тус газраа 1.9 тэрбум төгрөгөөр янзална хэмээн тендерт оролцсон байна. Мөн тус компани дөрвөн байршилд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлжээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны орчимд 30 га газрыг дуудлага худалдаагаар авсан ч төлбөрөө төлөөгүй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Улаанбаатар хотын иргэд юу хүсэж байна, түүний төлөө явна. Улаанбаатар хотод хууль зөрчсөн маш олон асуудал байна. БОАЖЯ Туул голын урд хууль бусаар олгосон газруудыг яах вэ. Улаанбаатар хотын эдэлбэр газруудыг хуулийн дагуу цэгцэлж өгөөсэй гэж Байгаль орчны сайдаасаа хүсмээр байна. Хуулийн хэлтсээс БОАЖ-ийн сайдад Богд уулын 33 аманд хууль зөрчсөн газруудын мэдээллийг өнөөдрийн дотор хүргүүлээрэй. Залуу, эрч хүчтэй сайд богино хугацаанд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн Горхи, Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг их гарч байна” хэмээгээд бодит нөхцөл байдлыг Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагаас тодрууллаа.

Тэрбээр “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татсан. Иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасрахгүй байна. Манай дүүрэг 40 мянган хүнтэй бол энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлж байна” хэмээлээ.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ

Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын явцын талаар Хотын стандарт, хяналтын газраас танилцуулж, 22 бүлгийн 98 стандартыг үе шаттай боловсруулж, батлуулж байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхэд бэлэн болсон хэмээв.

.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд "Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам"-ын Ажлын хэсэг байгуулагдсан, тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг хийсэн. Цаг хугацаа алдахгүй Зөвлөлийн хуралд оруулна. "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлэг хийх зэрэг ажил байгаа. Гуравдугаар улиралд багтаан Зөвлөлийн хуралд оруулна” гэв

Нийслэлд мөрддөг 2500 орчим стандарт байдаг. Дээрх стандартын 50 хувь нь шинэчлэх шаардлагатай, хуучирсан. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа учраас хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Хууль нь, дүрэм нь ийм гээд байгаад байж болохгүй. Жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжиж, стандарт, шаардлагыг тодорхой, ойлгомжтой, энгийн болгож, эрүүл ахуйн шаардлага хангасан байх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг Хотын дарга онцоллоо.

.

НАЛАЙХ ДҮҮРГИЙНХЭН ИРЭХ ӨВЛӨӨС ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээ 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж байгаа. Уулзалтаар тодорхой үр дүнд хүрнэ” гэв. Мөн нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж гүйлтийн зам талбайг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна хэмээлээ.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, шахмал түлшний хатаалт, чанарт эртнээс анхаарах хэрэгтэй онцоллоо. Мөн Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлыг шуурхайлахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын хуучны хийцтэй барилгуудыг хэвээр нь хадгалах, хамгаалахад анхаарах шаардлагатайг ч хэлж байлаа.

ГАРААШ ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.

  • Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
  • "Амгалан", "Шинэ төв" дэд төв, "Тахилт", "Дарь-Эх", "Монель", "Бичил", "Ургах наран", "Хайлааст" олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.