2022.06.09

НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан иргэдээс ирсэн санал, хүсэлтүүдийг шийдвэрлэж байна

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч М.Говьсайханы хувьд цахимаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тухай бүрт нь ажиллаж байна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд нийт 120 иргэнээс санал хүсэлт цахимаар ирсэн бөгөөд 67 хувийг шийдвэрлэж, 18 хувийг шийдвэрлэхээр хугацаа тохирч, 15 хувийг судалж шийдвэрлэхээр зорьж байгаа аж. Энэхүү санал хүсэлтэд СХД-ийн 7,12,13,14,15,16,17,30,31,43 дугаар хорооны иргэд идэвх санаачилгатай оролцсон байна.

Тэрээр иргэдээс ирсэн санал, хүсэлтүүдтэй нэгбүрчлэн танилцаж, тухайн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажиллалаа. Иргэдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлтийг ангилж үзэхэд 30 орчим хувийг автомашины зогсоолын хомсдолын асуудал эзэлж байна. Энэ зөвхөн Сонгинохайрхан дүүргийн асуудал биш учраас цаашид Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаад байгаа энэхүү асуудалд илүү нухацтай хандах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Тухайлбал, /2022.04.24/-нд СХД-ийн 13-р хорооны иргэд болон 99-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэенлхамийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэлээ.

Тулгамдаж байсан асуудал нь 99-р цэцэрлэгийн эзэмшилд байдаг 9-р байрны ард ухсан нүх нь тухайн орчмын иргэдийн орчны тохижилт болон өнгө үзэмжийг алдагдуулж, аюулгүй байдалд эрсдэл учруулж байсан юм. Эл асуудлыг шийдвэрлэх хүрээнд нүхийг шороогоор дүүргэж, тэгшлэгээ хийгээд аюулгүй болгов. Цаашид тухайн орчинл ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай хийх төлөвлөлт гаргаж, улс, орон нутгийн төсөвт суулгах ажлыг хийх нэн шаардлагатай байгааг тэрээр онцолж байлаа.

119 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСАЖ, ДОТОР ЗАСАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд эрчимтэй явагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 119 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дууссан бөгөөд дотор засвар, гадна тохижилтын ажлууд болон инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь одоогоор 12 бүлэгт 387 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус өргөтгөл ашиглалтад орсноор 8 бүлэгт 200 хүүхэд нэмж суралцуулах бүрэн боломжтой юм. Ийнхүү иргэдийн санал хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэжэ холбогдох арга хэмжээг авч байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn