Ц.Мөнхцэцэг: Улаан шугам гэх босго тавьж, сурагчдыг ялгаварлаж байна
2022.06.16

Ц.Мөнхцэцэг: Улаан шугам гэх босго тавьж, сурагчдыг ялгаварлаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр анги төгсөгчдөд "Улаан шугам" гэх босго тавьж, сурлагын дүнгээр нь жагсааж, босгоос доогуур сурагчдыг аравдугаар ангид суралцах эрхгүй хэмээн хасдаг. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдэгдлээ.

Тэрбээр "Соц нийгмийн үеийн төрийн зүгээс хүний эрхийг хязгаарлаж ирсэн энэ буруу жишгийг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэгдсэн Монгол Улсад өнөөг хүртэл хэрэгжүүлсээр, үе үеийн Боловсролын сайд нараас нэг нь ч үүнийг халах тухай шийдвэр гаргаагүй ирсэн нь үнэхээр харамсалтай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно…” гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенци, Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенциудад “хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, хүн бүр чадвартаа түшиглэн боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах” нь улс орнуудын төрийн үүрэг болохыг заасан байдаг.

9 дүгээр анги төгсөгчдөөс хэдэн хүүхдийг хасах тухай шийдвэр гаргах эрхийг хэнд ч ямар ч хууль тогтоомжоор олгоогүй атал Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд өөрсдийн үзэмжээр шийдэж ирсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг бүгдийг зөрчсөн, хүүхдийн эрхэд халдсан ноцтой зөрчил" гэжээ.

Иймд уг асуудлыг таслан зогсоох тухайд шийдвэр гаргахыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжилна гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn