2022.06.16

Х.Ганхуяг: Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 11,092.2 мян.Гкал байгаа нь өмнөх оноос 3.6 хувиар өссөн

Монгол улсын дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, Улаанбаатар хот болоод бусад хот суурин газрууд, хөдөө орон нутгийг хангахад хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Өөрөөр хэлбэл ДЦС-ууд оргил ачаалалдаа хүрэхэд ойрхон болоод байгаа билээ.

Тодруулбал, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 7,913.6 сая кВт.ц болж өмнөх оноос 10.7 %-иар өссөн. 1,86 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба импортолсон цахилгаан эрчим хүчний 26.5%-ийг ОХУ-аас, 73.5%-ийг БНХАУ-аас авсан нь импортын цахилгааны эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 9%-аар өссөн. Дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 11,092.2 мян.Гкал байгаа нь өмнөх оноос 3.6%-иар өссөн байна.

Иймд жил бүр өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчийг цаашид хэрхэн тогтвортой хангах талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд /2022.06.10/-нд дараах асуулгыг асууж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга бэлтгэхийг хүссэн юм.

Тус асуулгад дараах агуулгыг багтаажээ. 

  1. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
  2. Өмнөд говийн бүс нутгийн уул уурхайн цахилгааны хэрэглээг хангах, Тавантолгойн уурхайн нүүрсээр ажиллах цахилгаан станцыг барих талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, Улаанбаатар хотыг тэлэх хөгжлийн бодлогын хүрээнд барихаар төлөвлөж байсан ДЦС-5 төслийн талаар;
  3. Эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2021 онд 75,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэхүү алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай загварыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар;
  4. Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар;
  5.  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрчим хүчний салбарт тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал;
  6. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн давуу болон сул талууд, тулгамдаж буй асуудлуудын тухай асуусан байна.

Х.Ганхуяг гишүүн "Нэг айл өрхөөс дунджаар 5200 төгрөг, жилд нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдээс 40 орчим тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төлбөрт суутган авдаг нь одоо болтол зориулалтын бусаар зарцуулагдаж байна. Цаашид өсөн нэмэгдэж байгааг хэрэглээг хангах, импортын цахилгааныг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх гэж буй тухай тодруулж, хэрэгжилтийг хянан ажиллахаа илэрхийллээ.

Харин Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч гуравдугаар сард болсон Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо "Цаашид том чадлын шинэ эх үүсвэр барьж, ашиглалтад оруулах хүртэл 2022-2023, 2023-2024 оны өвлийн их ачааллын хугацаанд эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, эрчим хүчний хангамжийн хязгаарлалтаас өөр сонголтгүй хүндрэлтэй цаг хугацаа эхэлж байна" хэмээн онцолсон нь аюул ойр байгааг илтгэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn