ЭЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаан 15 цаг 45 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа хийсэн.
Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэн хэлэлцүүлснийг дурдаад нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үеэр хуралдаан даргалагчаас Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр төслийн 17 дугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн гэдгийг онцлов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 17 дугаар зүйлийг дахин томьёолон санал хураалт явуулахад Ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул төслийн 19 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсэг болон хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналыг хуралдаанд оролцсон Ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Х.Булгантуяа гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ингээд Монгол Улсын Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.6, 17.7, 17.8 дахь хэсгийг өөрчлөн найруулж, үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан 15 дугаар зүйл болгох, мөн төслийн 19 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээс өөр давхар ажил эрхлэх,” гэснийг хасах зэрэг Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn