УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэнгээс зохион байгуулсан Монгол улсын Үндсэн хуулин дахь “хүмүүнлэг нийгэм”-ийн судалгааны семинарт оролцлоо.
Семинарт илтгэл хэлэлцүүлсэн хууль зүйн доктор Б.Гүнбилэг, доктрант Т.Алтангэрэл нар болон оролцсон хуульчид, судлаачид Үндсэн хуулийн …эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх тухай зорилгын “хүмүүнлэг” гэдэг зарчмыг онолын үүднээс хэрхэн тайлбарлах, органик хуулиудад хэрхэн тусгах тухайд байр сууриа илэрхийлэв.
Докторант Т.Алтангэрэл илтгэлдээ “хүмүүнлэг” гэдэг нь хүний эрх, хүний хөгжлийг дээдэлнэ гэсэн агуулгатай. Нийгэм эдийн засгийн бодлогын хувьд ХБНГУ-ын Үндсэн хуулийнхтай адил социал төр гэсэн бодлогыг илэрхийлж байна. Монголын нийгэмд тэгш бус байдал газар авч байгаа тул социал төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хувьд докторант Т.Алтангэрэлтэй нэг адил “хүмүүнлэг нийгэм” гэдэг нь ХБНГУ-ын Үндсэн хуулин дахь “Sozialstaat” буюу социал төр гэдэг агуулгатай ижил буюу нийгмийн хамгааллыг хүн бүрт хүргэж, тэгш байдлыг дэмждэг нийгэм гэдэг утгаар тайлбарлах ёстой гэж үздэгээ дурьдсан юм.
Германы Үндсэн хуулин дахь социал төрийн зорилгын дагуу тус улсын намууд нийгмийн хамгааллын бодлогыг мөрийн хөтөлбөртөө онцлон тусгадаг. Тухайлбал, Германы социал демократ намын мөрийн хөтөлбөрт “Төсвийн зардал нэн ялангуяа нийгмийн баримжаат төрийн зардлын санхүүжилтийн эх үүсвэрийн удаан хугацааны найдвартай байдлыг хангаж боловсрол, судалгаа, дэд бүтцийн салбарт удаан хугацааны дараа ашгаа өгөх хөрөнгө оруулалтыг хийх ёстой” гэсэн заалт бий.
Монгол улсад “хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах” Үндсэн хуулийн зорилтоо биелүүлэхэд нийгэм дэх эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлсийг эрхэм болгосон социал демократ бодлого нийцнэ гэж МАН үзэж Шинэ зуун Дэвшилтэт бодлого хөтөлбөрөө 30 дахь их хурлаараа баталсан.
Энэ хөтөлбөрт “Нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохицуулалт, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж байхыг эн тэргүүнд тавина” гэж заасан билээ.