УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөлийн тендерийн асуудлаар Сангийн сайдад хандлаа
2009.10.14

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөлийн тендерийн асуудлаар Сангийн сайдад хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллан орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзаж
санал бодлоо солилцоход хөдөө орон нутагт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хэрэгжилт хангалтгүй, төсвийн хариуцлага сул, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа талаар санал, гомдлоо гаргажээ.

Тендерийн хуулийн дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа ил тод, тэгш, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан тендерт оролцогчдыг шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Харин Хөвсгөл аймгийн хэмжээнд дээрх хуулийг ноцтой зөрчих үзэгдэл хавтгайраад байна. Тендерийг төлөвлөх, зохион байгуулах, түүнд хяналт тавих үүрэгтэй аймгийн эрх бүхий төрийн албан хаагчид үүргээ биелүүлэхгүй хувийн ашиг сонирхлыг илүүд тавьж, тендерийг ах дүү, танил тал, өөрийн намын гэх хүмүүст давуу байдлаар олгодог байна. Тендерийн ажил гүйцэтгэгчийг ялуулахад зуучилдаг онцгой эрхтэй хүмүүс байдаг талаар иргэд ярьжээ.

Сангийн яам хуулийн дагуу тендерийн хуулийг боловсронгуй болгох санал боловсруулах, захиалагч худалдан авах ажиллагаанд зохих хууль, журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж үнэлгээ хийх, худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг УИХ, Засгийн газарт тайлагнах эрх, үүрэгтэй учир гомдол дагуулаад байгаа орон нутаг дахь тендер тойрсон асуудалд анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээ авч хариу ирүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтоос хүсчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.