Ч.Ундрам: Төр, иргэн хамтарч сахилга баттай байж их хямралыг хохирол багатай давна
2022.04.04

Ч.Ундрам: Төр, иргэн хамтарч сахилга баттай байж их хямралыг хохирол багатай давна

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Үнийн өсөлтийг барихын тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?

-Хамгийн түрүүнд бид нөхцөл байдлаа бодитоор дүгнэх ёстой. Дэлхий дахинд түүхэнд тохиолдож байгаагүй асуудалтай нүүр тулгарсан байна. Нэгдүгээрт, дэлхий нийтийг хамарсан цар тахлыг өнгөрөгч хоёр жил тууллаа. Цар тахлаас болж дэлхийн бүх улс орны эдийн засаг хямарсан. Гэтэл залгуулаад дайны нөхцөл байдал үүсчихлээ. Зарим шинжээчид Орос-Украины хооронд үүссэн дайныг өмнөх дайнуудаас шал өөр байна гэж дүгнэж, дэлхийн хэмжээний дайнтай жишиж байна лээ. Маш их мэдээллийн дайн, геополитикийн том том асуудлууд тулгарч байна. Энэ нөхцөл байдал нь дэлхий дахинд эдийн засгийн их хямралыг авчирч байна. Энэ хямралаас тийм ч амархан гарчихгүй болов уу.

Ер нь их хямралаас амархан гарсан тохиолдол түүхэндээ ч байхгүй. Дайн ойрын хугацаанд дууслаа гэхэд дайнаас үүдэж бий болсон санкциуд, улс орны харилцааны асуудлууд, эдийн засагт үзүүлсэн эффектүүд тийм ч амархан арилахгүй. Тиймээс улс орон маш сахилга баттай, нарийн бодлоготой, ард түмэнтэйгээ нэгдмэл байж их хямралыг давж гарна. Түүнээс хоёр талд гарчихаад чиний буруу гээд бие бие рүүгээ чихэх ямар ч боломжгүй. Аль болох бага хохиролтой давахын тулд нэгдмэл байдалтай байх ёстой гэж үзэж байна.

Өнөөдөр инфляци 14 хувьтай, ам.долларын ханш 2945 төгрөг байна. Манай улс импортоос хараат шүү дээ.

Тиймээс энэ хэцүү нөхцөл байдлыг даван гарах дараахь гурван шийдэл байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, бид бодлогын хүүгээ өсгөх ёстой гэж бодож байна.

Иргэдийн авч байгаа зээл улам л өндөр хүүтэй болох байтал ийн хэлж байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд гайхаж, эсэргүүцэх байх л даа. Гэхдээ бодлогын хүүгээ өсгөж байж инфляцийг тогтоон барина. Инфляциа барьж чадахгүй алдчихвал төгрөгийн ханш улам суларч, ам.долларын ханш чангарна. Импортод суурилсан манай улс хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг валютаар төлнө. Тиймээс бараа бүтээгдэхүүний төлбөрт илүү өндөр үнэ төлнө. Өөрөөр хэлбэл, илүү их хохиролтой учраас бодлогын хүүгээ өсгөх ёстой гэж үзэж байгаа юм.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж байж л валют олдог. Учир нь валют орж ирдэг гол салбар бол уул уурхай. Гэтэл бид одоогоор уул уурхайн бүтээгдэхүүнээ олигтой импортолж чадахгүй байна. Өмнөх жилийнхээ 10 хувьд ч хүрэхгүй байгаа ийм л аймшигтай нөхцөл байдалтай байна. Урд хөрш гэхэд саяхан санхүүгийн төв болсон Шанхай хотдоо хөл хорио тогтоолоо. Санхүүгийн төв хотдоо хөл хорио тогтоож байгаа улс манайд зориулж хилээ нээхгүй. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ бид ойрын хугацаанд гаргаж чадахгүй нь.

Тиймээс валют орж ирэхгүй учраас бодлогын хүүгээ өндөр байлгаж төгрөгийн ханшаа аль болох барих ёстой. Англи улс гэхэд бодлогын хүүгээ саяхан гурван удаа өсгөлөө. Энэ мэтээр улс бүр бодлогын хүүгээ өсгөж байна. Учир нь тэд өөрсдийнхөө валютын ханшийг өндөр байлгах бодлого барьж байна. Энэ нь онолын хувьд ч, бодлогын хувьд ч хохирол илүү бага байдаг. Валютын ханшаа бид алдчихвал импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өснө шүү дээ. Тиймээс ийм шийдэл байна гэж харсан.

Их хямралын үед хэрэгжүүлэх хоёрдугаар шийдэл нь үргүй бүх зардлаа танах ёстой. Төсвийн орлого бүрдэхгүй байна шүү дээ. Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолж, түүнээс орж ирэх мөнгөнөөс татвар авч төсвийнхөө дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Төсвийн орлого дэлхий дахинд үүссэн хямралаас болж бүрдэхгүй байгаа учраас төсвийн зарлагаа танах ёстой. Бид 18 их наяд буюу түүхэндээ байгаагүй том зарлага баталсан шүү дээ. Тиймээс гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, янз бүрийн хурал цуглаан, чуулгантай холбоотой зардлаа танах хэрэгтэй байна. Нэг үгээр хэлбэл, бүсээ чангалах цаг ирсэн.

Гуравдугаарт, иргэд эх оронч худалдаа хийж хамт бүсээ чангалах хэрэгтэй байна. Тиймээс төр иргэн хамтарч сахилга баттай, ухаалаг, ариг гамтай, тэвчээртэй байж л их хямралыг хохирол багатай давна.

Товчхондоо, эх оронч хэрэглээг дэмжсэн, үргүй хэрэглээгээ танасан, бодлогын хүүгээ нэмэх гурван шийдлийг хэрэгжүүлэх ёстой гэж эдийн засагч хүний хувьд харж байна.

-Төсөвт тодотгол хийх үү?

-Тодотгол хийх магадлалтай гэж бодож байна. Нөхцөл байдал өөрчлөгдлөө. Бид дайн болно гэж төсөөлөөгүй шүү дээ. Тиймээс бид нөхцөл байдалдаа тааруулж төсвөө тодотгох л хэрэгтэй.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаа бидэнд том сургамж өглөө. Монгол Улс өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй гэдгийг илүү ихээр мэдэрлээ. Импортын болон уул уурхайн салбараас бүрэн хараат гэдгээ улам баталгаажууллаа. Тиймээс энэ сургамж дээрээ үндэслэж нэн тэргүүнд малын түүхий эдээ боловсруулдаг болох шаардлагатай байна. Байг гэхэд ядаж л хагас боловсруулаад зардаг баймаар байна шүү дээ. Олон сая малтай мөртлөө бид сүүгээ ч дотоодоосоо бүрэн хангаж чадахгүй байна.

Бэлчээрийн мал аж ахуй орчин үед тохирохгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг зарим бүс нутагт хөгжүүлэх хэрэгтэй. Хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг, экспортолдог болмоор байна. Тодорхой хэмжээний жимс, жимсгэний бүтээгдэхүүн, зөгийн бал зэргийг үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж, дэмжих ёстой. Малын гаралтай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бидний гарын доорх бүтээгдэхүүн. Тиймээс үүнийгээ бид өөрсдөө үйлдвэрлэдэг болъё. Хүнсээ дотоодоосоо хангачихаад цатгалан сууж байхад бас ч өөр шүү дээ.

-Төсөв батлах бүрт л тодотгол хийх юм. Үүний уршгийг та хэрхэн харж байна?

-Төрийн бодлого, тогтвортой байх ёстой. Урьдчилж маш сайн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой гэсэн шүүмж байдаг. Нөхцөл байдал ийм айхавтар өөрчлөгдөөгүй байсан бол энэ шүүмж зөв. Дайн болчихлоо шүү дээ. Тиймээс энэ тохиолдолд тодотгосон нь зөв болж таарна байх.

-Фитч агентлагаас ОХУ-ын 50 гаруй банкны зээлжих зэрэглэлийг цуцалсан, мөн европын холбооноос тус улсад авч байгаа хориг арга хэмжээ манайд улам л дарамт болох байх даа?

-Манай улсын хоёр хөршийн нэг учраас ОХУ-д үүссэн эдийн засгийн нөлөө бидэнд тусч л таарна. Учир нь бид хойд хөршөөс шатахуун болон эрчим хүчний хараат байдалд байна. “Москва найтаахад Монгол ханиад хүрнэ” гэдэг үг бий шүү дээ.

-Гэхдээ энэ нөхцөлд рублийн ханш чангарч байна. ОХУ-ын хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой юу?

-Хэдхэн хоногийн өмнө “Роснефть” компани байгалийн хий, газрын тосоо зөвхөн рублиэр арилжина хэмээн зарласан. Тиймээс дээрх хоёр бүтээгдэхүүнийг авдаг улс орнуудад рублийн хэрэгцээ гарч байгаатай холбоотой. Ер нь бүтээгдэхүүнээ экспортолж чадаж байвал тухайн улсын валютын ханш чанга байна гэсэн үг.

-Дэлхий нийтэд үүссэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын парламент ямар хуулийн төсөл батлах ёстой гэж харж байна?

-Энгийн үед байдаггүй нөхцөл байдал үүссэн учраас энэ цаг үе, нөхцөл байдалдаа тааруулсан хууль, УИХ-ын тогтоол батлах ёстой байх. Валютын ханш, инфляцийг буулгах чиглэлийн түргэн хугацааны шийдэл бүхий хууль, УИХ-ын тогтоол гарах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, илүү эх оронч хэрэглээг дэмжсэн ч юмуу, төрийн байгууллагуудыг илүү зардал гаргахгүй байлгах, улсын түвшинд сахилга баттай, бүсээ чангалах чиглэлийн хууль, тогтоомж гаргах хэрэгтэй болов уу.

Үүнээс гадна Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуультай болох ёстой гэж үзэж байгаа. Улс бүр газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуультай байдаг. Дайн дажинтай, давагдашгүй хүчин зүйл, эсвэл үнийн шок үүссэн үед хэрэглэгддэг нөөцтэй байх боломжийг олгоно. Газрын тосны үнийг судлахад өссөн, үнээ тийм ч удаан барьдаггүй юм байна. Хэд хоног газрын тосны үнэ өндөр болж байгаад одоо дахин буурах шат руугаа явж байна шүү дээ. Тиймээс бид нөөцтэй байсан бол энэ хугацаанд нөөцөө хэрэглэх боломжтой. Тиймээс Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуультай болох ёстой гэж бодож хуулийн төслөө бичээд дуусч байна.

-Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй улс төрчдийн тоонд таны нэр багтсан. Намаас өгсөн үүрэг чиглэлийг та хэрхэн хүлээж авав?

-Намын хяналтын хорооноос намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, шалгуулах үүрэг өгсний дагуу Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Өөрийн биеэр шалгуулах хүсэлтээ өгсөн учраас миний хүсэлтийг хангаж өгөх байх гэж бодож байна.

-Та аавынхаа бизнест огт оролцдоггүй юм уу. Хүмүүс чинь л бизнесээ өргөжүүлэхийн тулд гэр бүлээрээ зүтгэдэг шүү дээ?

-Аав минь намайг бизнестээ хутгадаггүй. Миний охин мөнгөний араас бус, номын араас явах ёстой гэсэн философиор л өсгөсөн. Тийм ч учраас би аавын бизнест хутгалдалгүй. Өөрийгөө сурч хөгжүүлэхэд багагүй хугацааг зарцуулсан. Дэлхийн өндөр хөгжилтэй хоёр, гурван ч оронд боловсрол эзэмшлээ. Эрдэм номын эх уурхай гэгддэг Монгол Улсын Их сургуульдаа арван жил ажиллалаа. УИХ-ын гишүүн болоод боловсролын салбараа орхиогүй. Боловсролын багц хууль дээр ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна.

Аавын бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүй учраас ийм мэдээлэл гарч ирэхэд л мэдсэн. Үүнийг хүмүүс гайхаж байх шиг байсан. Бизнест нь оролцдоггүй хүнээс “Аав нь зээл авч болох уу, эсвэл аав нь зээл авчихсан шүү” гэж хэлэхгүй биз дээ. 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон хүн аавыгаа Хөгжлийн банкнаас зээл авахад яаж нөлөөлөх вэ. Би 2018 онд МУИС-д дэд захирлын албыг хашиж байсан шүү дээ.

Миний аав их олон жил бизнес хийж байгаа. Монголын томоохон баялаг бүтээгч. Олон мянган хүнийг ажлын байраар хангаж, улсдаа татварын орлогыг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг, хариуцлагатай жишиг уурхай эрхэлдэг хүн л дээ.

Ямар ч бизнес, үйлдвэрлэл явуулахад эдийн засгийн хөшүүрэг байх ёстой. Зээл авах гэдэг бол муу зүйл биш шүү дээ. Хүн бүр л зээл авдаг. Аливаа бизнесийг зээлээр л эхэлдэг. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг ялгаж зааглаж ойлгомоор юм билээ. Зээл авна гэдэг муу зүйл гэсэн ойлголт нийгэмд бий болох нь ээ