Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан болно
2022.03.23

Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр болно. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгалаа.

Улаанбаатар хотноо 2022 гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөөний төсөлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

    
Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөллөө.