2022.03.22

Д.Өнөрболор: Зээлийн төслийг ямар зорилгоор хэдэн аймагт хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022.03.22/-ны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг 30 сая долларын зээлийн санхүүжилтээр Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай аймгийн 20 сумдад хэрэгжүүлэх юм байна. Төслийн ерөнхий нөхцлөөс үзэхэд урт хугацаатай зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь дунд хугацаандаа дарамт болохооргүй боломжийн зээл гэж харж байна. Тиймээс зарчмын хувьд дэмжиж байгаа.

Төслийн хугацаанд бэлчээр хашиж, худаг гаргаж, хадлангийн талбай, өвсний агуулах барьж, цөм сүрэг байгуулах замаар малын үржлийг сайжруулна гэсэн байна. Төслийн үндсэн концепц нь хоршооллыг дэмжих, хөгжүүлэх гэсэн. Концепц талаас нь аваад үзсэн ч, нөгөө талаас Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс болгоод, Засгийн газрын шийдвэр гараад олон жил болж байгаа. Энэ хүрээнд эрэмбэ дараалал, шалгуур үзүүлэлтээр нь аваад үзэхэд ч Сэлэнгэ аймаг нэлээн дээгүүр орохоор санагдаж байна. Сайдын хэлж буйгаар зөвхөн бэлчээрийн даацаар шалгуур үзүүлэлтийг хангасан нь учир дутагдалтай. Төсөл хэрэгжүүлэх газар нутгийг яг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон талаар тодорхой хариулт өгнө үү.

Нөгөөтэйгүүр цаашид хэдэн аймаг энэ төсөлд хамрагдах боломжтой байгаа вэ? Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, тэжээлийн хангамж нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд ХХААХҮЯ-наас ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар тодорхой хариулна уу.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.