2022.03.17
Ж.Батжаргал: Үүргээ хэрэгжүүлээгүй хуулийн этгээдэд ямар хариуцлага тооцох вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Хуулийн төсөлтэй холбогдуулан Нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, мэдэх эрхээ баталгаажуулах хүрээнд нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийн зохицуулалтуудыг үзэл баримтлалд тусгажээ.
Үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Хэдэн асуулт байна.
Төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэн эрх хангалтын асуудлаар нэмэлт өөрчлөлтөд орж ирсэнгүй вэ? Газрын хэвлийн баялгийн ашиглалт, түүнээс хамааралтай байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн асуудал, нөхөн сэргээлт, эрх бүхий байгууллагуудын хууль хэрэгжүүлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг авах гээд байна. Гэтэл яг үнэндээ байгаль орчны төлөв байдал, экосистемийн тэнцвэртэй байдлын талаарх цогц мэдээлэл байж болохгүй юм уу? Бид зөвхөн иргэдийн анхаарал татагдаж байгаа байгалийн баялаг ашиглалттай холбоотой асуудал оруулж ирчихээд байна.
Байгалийн баялаг ашиглаж байгаа хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагуудын ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллээ цахим хуудсаараа дамжуулж, ямар агуулгатай ямар мэдээллийг хэр хугацаанд ил байлгах вэ гэдгээ тусгай журмаар зохицуулаад ил болгож болохгүй юм уу?
Үүргээ хэрэгжүүлээгүй хуулийн этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
Байгаль хамгаалагчдын орон тоо, хангамжийн асуудал, төрийн албаны үйл ажиллагааны чиглэлээс тавьж байгаа шалгууртай холбогдоод нөхөн хангалт хийгдэж чадахаа байчихжээ. Энэ байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд орчны бүсийн иргэдээ татан оролцуулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ?
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.