Байгаль орчны багц хуулийг батлуулна
2012.03.05

Байгаль орчны багц хуулийг батлуулна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, хаврын чуулганд оруулах болон хяналт тавьж ажиллах хуулийн төслүүдийн талаар өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийлээ. Байнгын хорооны дарга Д.Балдан-Очир болон Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, Р.Раш нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тус байнгын хороо Засгийн газраас өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн  гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулсан. Ингэснээр "Зэрлэг амьтан, ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" /СITES/ конвенцийн хавсралтад ороогүй ч олон улсад худалдаалагддаг амьтан, ургамлыг хамгаалах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулсан. Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, торгуулийн хэмжээг өнөөгийн нөхцөл, шаардлагад нийцүүлэх, нэмэгдүүлэх боломж бүрджээ. Хаврын чуулганаар Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээрийг дагаж өөрчлөлт орох нэр бүхий 18 хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын чуулганд оруулахаар ажлын хэсэг томилжээ. Мөн Байгаль орчны бодлогын стратеги батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар, Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдан гарах хуулийн төслүүдийг байнгын хороогоор УИХ-аар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

 

Хаврын чуулганаар байгаль орчны багц хуулийн төсөлд анхаарал хан-дуулахаа тус байнгын хороо онцоллоо. Үүнд Д Ганхуяг, З.Алтай, Ц.Батбаяр, Ч.Сайханбилэг нараас 2011 онд өргөн мэдүүлсэн Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл, Усны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, хяналт тавих, түүнтэй холбогдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд багтаж байна. Хуулийн төслүүдтэй холбогдуулж гишүүд байр, сууриа илэрхийллээ. Түүнээс тоймлон хүргэе.

Д.Балдан-Очир: Газрын харилцааг эргэж харах ёстой

-Манай байнгын хороонд нэлээд том багц хуулиуд өргөн баригдсан, ид хэлэлцэгдэж байна. Газрын тухай, газрын кадастр, төлбөрийн тухай зэрэг арваад хуулийг багцалсан хууль УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдэж, байнгын хороогоор оруулах гэж байна. Газрын харилцааны асуудал суурь харилцааны асуудал юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаас эхлээд иргэн, аж ахуй нэгж яаж газар эзэмших вэ, хуулийн зохицуулалт ямар байх вэ гэдэг чимхлүүр нарийн асуудал. Тиймээс эдийн засгийн байнгын хороогоор давхар хэлэлцэж байгаа.

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчны сав  газрын зөвлөлийг төрийн статустай болгоё

-Монгол Улсын хэмжээнд 23 томоохон голын сав газрын зөвлөл бий. Байгаль орчны багц хуулиар байгаль орчны сав газрын зөвлөлийг төрийн статустай болгох хэрэгтэй. Мөн үйл ажиллагааны чиглэл гаргаж, санхүүжилтийг шийдэх ёстой. Хэд хэдэн том голын сав газрын зөвлөлийг байгуулах гэж бусдаас гуйж бадар барьж асуудлыг шийдсэн. Цаашид өөрсдийн амин чухал асуудалд ингэж хандмааргүй байна. Энэ бол ирэх сонгуулиас өмнө гарцаагүй шийдэх ёстой асуудал

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.