2022.03.16

Д.Батлут: Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын асуудал тодорхой бус байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2022.03.16/ боллоо. Хуралдаанаар "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Өмнө 2002 онд Алтанбулаг, 2004 онд Замын-Үүд, 2005 онд Цагааннуур гэх боомтууд байгуулагдсан. Өнөөдөр тэдгээр газруудад татвараас зугтаасан хэдэн аж ахуйн нэгж, хэдэн хашаа татчихсан дүр төрх л байна. Яагаад хөгжих боломж олдоогүй вэ? Үүнээс шалтгаалсан алдаа оноогоо хэрхэн дүгнэж үзэж, өнөөдрийн энэ асуудлыг оруулж ирж байгаа вэ?

Хоёрдугаарт хөрөнгө оруулалтын асуудал тодорхой биш байна. Үүнд дэлгэрэнгүй тодорхой хариулт өгнө үү. Яг ямар эх үүсвэрээс хөрөнгө оруулалтууд хийх юм. Хэдий хугацаанд энэ чөлөөт бүс бүрэн дүүрэн үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа талаар хариулт авъя.

Гуравдугаарт Монгол улсад хэрэгжиж буй хуулиуд, тухайлбал энэхүү байгуулагдах гэж буй чөлөөт бүстэй холбоотой зарим нэг хууль өнөөдрийн нөхцөл байдалд  шаардлага хангаж байгаа юу? Тухайлбал мэдээлэл технологийг кластер хэлбэрээр хөгжүүлнэ гээд Хөшигийн хөндийн асуудалд тавьсан байна. Гэтэл Шинжлэх ухаан, технологийн тухай хууль 2006 онд батлагдсан, энэ нь өнөөдрийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа юм уу? Энэ талаар судалж үзсэн үү. Чөлөөт бүс дээр энэ чиглэлийн мэдээлэл технологийн кластер хэлбэрээр хөгжүүлэхэд энэ хуультай зөрчилдөж байгаа асуудал гарч ирж байгаа юу?

Дөрөвдүгээрт барилгажилттай холбоотой асуудлууд анхаарал татаж байна. Энэ 1000 га газарт зөвхөн барилгажилт явагдана гэж би харж байна. Хажуугаар нь гэр хорооллын суурьшлын бүс үүсэхгүй байх гэж бодож байна. Энэ тал дээр ямар хэмжээний төлөвлөлтүүд хийгдэж байна вэ?

Түүний асуултад Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол хариуллаа.