БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЖУАНЬТАЙ УУЛЗЛАА
2025.03.26

БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЖУАНЬТАЙ УУЛЗЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Минжуанийг Төрийн ордонд хүлээн авч, уулзав /2025.03.26/.

Уулзалтын эхэнд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах үүрэгтэй Үндэсний хорооны даргын хувьд сайд С.Одонтуяа COP17 бэлтгэл ажлын төлөвлөгөө, Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санал, санаачлагыг танилцууллаа.

Үргэлжлүүлэн цөлжилттэй тэмцэх, COP17-ын зохион байгуулах хүрээнд БНХАУ-тай хамтран ажиллах асуудлаар ажил хэрэгч санал солилцлоо.Элчин сайд хатагтай Шэнь Минжуанийн зүгээс БНХАУ 2017 онд COP13 хурлыг хүлээн авч зохион байгуулсан тул Монгол Улстай туршлага хуваалцах, дэмжин хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийллээ. Үүний зэрэгцээ хоёр улс хамтран Цөлжилтийн судалгааны төвийг байгуулж төслийг эхлүүлсэн нь цөлжилттэй тэмцэх урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавьж буйг онцолсон юм.