Эрсдэлийн удирдлага-2
2022.02.22

Эрсдэлийн удирдлага-2

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.Баттөмөрийн “Эрсдэлийн удирдлага” /Risk Managment/ цуврал нийтлэлийг хүргэж байна.

Цуврал нийтлэл-2

УЛС ТӨРИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ

Улс төр, нийгмийн хүрээнд учирсан аливаа хямрал, үйл ойлголцол, мөргөлдөөн, хэрүүл маргаан, бухимдал, зэвсэгт сөргөлдөөн, хуваагдал, талцал нийгэмд дарамт учруулж олон нийтийн санаа бодлыг тавгүйтүүлдэг. Үүнийг нь өдөөх гадаад дотоодын хүчин зүйл байдаг бөгөөд улс төрийн ашиг хонжоо харах, эдийн засгийн давуу тал олж авах, эдийн засгийн аргаар улс төрийн байдалд нөлөөлөхийг оролдох нь гадаад дотоод орчны аль алинаас гарч болно. Улс төрийн алдаатай бодлого явуулснаар дэлхийн хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах, түншээ алдах, худалдааны болон улс төрийн хориг арга хэмжээнд өртөх, ганцаардах, үүнээс болж дотоодын хямрал үүсэх, иргэний дайн гарах зэрэг эрсдэлд ордог.

Байгалийн баялаг ихтэй орнуудын түүхийг харж байхад баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, тусгай сан үүсгэх, баялгаас олсон орлогыг нийт хүн амын сайн сайхны тулд хяналттай зарцуулах замаар баян орон болж хувирсан түүх олон байна. Бусдын сайн муу жишээнээс сургамж авч, баялгийн менежментийг зөв хэрэгжүүлж, нийт монголчуудаа бусдаас дутахгүй, ажил амьдралтай болгоход төрийн бодлого чиглэх ёстой.

Уул уурхайгаас улам их хамааралтай болж, улс орны эдийн засаг ганц тулгууртай болох хандлага байгаа нь аюулыг төрүүлж байна. Улс орны хөгжлийг олон тулгууртай болгож, импортлогч орноос экспортлогч, үйлдвэрлэгч орон руу хэр хурдан шилжихээс хамаарч манай улсын стратегийн эрсдэлийн хэмжээ, хэмжүүр багасаж, улс орны хөгжил, дэвшлийг түргэтгэнэ.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЖИГД ӨСӨЛТТЭЙ, ХЭТ САВАЛГААГҮЙ, ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО.

Үндэсний эдийн засгийг нээлттэй болгох нь хамтрагч нарт нөөцөд чөлөөтэй нэвтрэх, олз ашиг олох, хамгаалалтгүй шинэ орон зайг улам бүр хүсэмжилдэг. Ийм нөхцөл байдалд гадныхан илүү их ашиг олж, дотоодын үйлдвэрлэгч нар хохирох бөгөөд энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг буруугаар ойлгох, эдийн засгийн алуурчин хэмээн цоллох, хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгоход хүргэнэ. Энэ үндсэн дээр эх орныхоо өмч, баялгийг хамгаалах гэсэн тэмцэл өрнөж, улс төр, бизнесийн хүрээн дэх олгархи бүлэглэл, жирийн ард түмний зай улам холдож, төр засагтаа итгэх олон түмний итгэл буурна.

Энэ нь улс төрийн оновчтой шийдэл гаргах, улс орныхоо хэтийн төлөвийг харсан бодлого боловсруулахад саад учруулна. Төрийн цэгцтэй, туйлбартай, хариуцлагатай, бие даасан, нээлттэй ил тод, хуулийг дээдэлсэн бодлого тодорхойгүйгээс болж төрийн бодлого сонгуулиас сонгууль хүрэх төдий үргэлжилдэг, өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгаа нь манайд улс төрийн гол эрсдэл болоод байна.

Эрсдэлийн үнэлгээний арга зүй талаас асуудлыг авч үзэх юм бол эрсдэлийн үнэлгээ нь хэд хэдэн асуудлаарх үнэлгээ харилцан хамааралд нь авч үзэн байж хийсэн үнэлэлт, дүгнэлтэд тулгуурлан хийгддэг давхар үнэлгээ юм. Тодруулж хэлбэл, эхлээд улс төрийн эрсдэл дагуулагч аюул заналын үнэлгээ хоёрт, улс төрийн эрсдэлд өртөгдөх (эмзэг) байдлын үнэлгээ гуравт, улс төрийн эрсдэлтэй нүүр тулгарах үед эсэргүүцэх, даван гарах чадавхийн үнэлгээ, дөрөвдүгээрт, эрсдэлийн үнэлгээ юм.

Монгол Улсад улс төрийн эрсдэл бодитой оршиж байна. Улс төрийн стратегийн эрсдэлийг үнэлэх хэрэгцээ шаардлага бий болжээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн бэрхшээлүүд, улс төрийн сонгуулийг ашиглан улс төрийн нам, хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс Үндсэн хууль, хууль ёсыг зөрчсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь идэвхжих хандлагатай байна.

Иргэдийн бухимдал, дургүйцэл гүнзгийрч, төрд итгэх олон нийтийн итгэл ихээхэн алдарч, нийгмийн салбар бүрд шахуу эрх ашгаа хамгаалуулсан хөдөлгөөн, төрийн бус байгуулллагууд үүсэн бий болж, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, шүүмжлэх, газар нутгаа болон тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зэргээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа идэвхжих болов.

Улс-үндэсний хөгжлийн явцад, хүний нийгмийн хөгжлийн хуулиар зайлшгүй тохиолдох бэрхшээлтэй асуудлыг хэт дөвийлгөж нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох, улмаар улс төрийн тэмцлийн арга хэрэгсэл болгох бохир технологи буй болсон нь дотоод аюулгүй байдалд ноцтой, залруулж болшгүй хор уршиг тарих нөхцөл буй болгоод байна. Бослого тэмцэлд илтээр уриалах, төрийн төлөөлөгчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, төрийн албан хаагчийн амь биед халдах, төрийн өндөр албан тушаалтнуудыг гутаан доромжлох, заналхийлэх, өлсгөлөн, суулт, жагсаал хийх зэрэг үйлдэл нь иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байгааг харуулж, улмаар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, дотоодын үймээн самуунд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

ХАРИН ТӨР ХАРИУЦЛАГАГҮЙ, ХААЛТТАЙ, ЧАДВАРГҮЙ БОЛООД ИРЭХИЙН ЦАГТ УЛС, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТӨР ӨӨРӨӨ АЮУЛ, ЗАНАЛ БОЛДОГ.

Төрөөс гарч буй шийдвэр тэр дундаа, улс үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа бүр эерэг сөрөг үр дагавар дагуулдаг. Сүүлийн үед төрийн албанд сонирхлын зөрчил газар авч, эрх ашгийн эрэмбэлэл алдагдсанаар хэсэг бүлэг хүнд тухайн цаг үедээ ашигтай ч хэтдээ улс үндэсний аюулгүй байдалд хохиролтой, аюулт эрсдэл буй болгох хорлон саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хүрээ өргөсч байгаа нь төр засгийн чадавх ямар түвшинд байгааг илтгэх нэг үзүүлэлт мөн.

Төр, засагт үл итгэх, хэн нэгэн чин зоригт, ард олноо өмгөөлөн хамгаалах, шударга ёс тогтоогч гарч ирэхийг хүсэмжлэх байдал нийгмийн сэтгэл зүйд хүчтэй болсон нь улс төрийн нам, хүчин бодлого, үйл ажиллагаандаа эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийхийг нөхцөлдүүлж байна. Шүүх засаглалд иргэд үл итгэх болж, эрх мэдэл, эд хөрөнгө, танил талтай нэгэнд үйлчилдэг болтлоо шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын олон ажилтан ёс зүйн доройтолд орсныг олон нийт, тэр дундаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг хурцаар шүүмжлэх болсон нь шударга ёсыг хүсэх нийгмийн сэтгэл зүйд бухимдлын хүчин зүйл болж ирлээ.

Төрийн засаглах чадавхи суларснаас нийгэмд төрийн албаны нэр хүнд унаж хууль зөрчих нь ердийн үзэгдэл болох, гэмт хэргийн гаралт өсч, хүмүүс зохион байгуулалтад орж өөрсдийн зөв гэж үзсэн үйлдлийг хүч түрэмгийлэн хэрэгжүүлэх, нийгмийн дэг журмыг бүлэглэн зохион байгуулалттайгаар зөрчих хандлагатай боллоо. Сахилга хариуцлагагүй, хууль зөрчдөг, хувийн эрх ашгийг эрхэмлэдэг, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн талаар төсөөлөлгүй, төрийн албанд бэлтгэгдээгүй хүмүүс олширсон нь төр засаг чадавхигүйдэх үндсэн шалтгаан болж ирсэн.

Байдлыг залруулахад төрийн албаны удирдах албан тушаалтнуудын үүрэг нэн чухал ч тэднээс санаачилга, идэвх ажиглагдахгүй байгаа нь нийгэмд бухимдал төрүүлж байна. Нийгмийн энэ бухимдал, “хүчтэй төрийн эрэлд гарсан” эрэлт нь зохион байгуулалттай гэмт бүтцүүд бий болох, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, улмаар төр засгийн хяналтыг орлох, нийгэмд хүчирхийлэл дэлгэрэх, хүлээн зөвшөөрөгдөх хөрс болдог.

Нийгэмд асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд шийдвэрлэхээс илүүтэйгээр авлига, дарамт шахалт, хүчирхийллээр зохицуулах нь үр дүнтэй гэсэн хандлага хүрээгээ тэлж байна. Энэ байдлыг даруй шийдвэртэй өөрчлөхгүй бол, нөхцөл байдал даамжирч нийгэмд хүчирхийлэл дэлгэрч, дарамт шахалт, захиалгат аллага, хэрэг зөрчлийг хувиараа шийтгэж “өшөө, хариу авах” мэтээр асуудлыг шийдэх, “үнэнийг тогтоох” давалгаа үүсч үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахад ойрхон болжээ. Төрийн байгууллага, тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, болзошгүй аюул, хямралт байдлын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх шаардлага хойшлуулшгүй тавигдаж байна. Улс, үндэсний аюулгүй байдалд ирээдүй хэтдээ тулгарч болзошгүй заналхийллийн төсөөлөл тун бүрхэг, хийсвэр төдий байгаа нь эмзэг, эрсдэл бүхий нөхцөл байдлыг буй болгож байна.

Шашин шүтэх эрх нь хувь хүний асуудал боловч шашин хоорондын зөрчил, шашны харгис урсгалыг дэлгэрүүлэхгүй байх, шашны итгэл үнэмшлээр далимдуулж нийгмийн сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлж нийгмийн тогтворгүй байдал бий болох зэргээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг юм. Монгол үндэстэн өөр зуураа эвлэлдэн нэгдэж, төр улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нягтарсан цагтаа хүчирхэгжин мандаж, эв эе алдарч, эрх мэдлээ булаалдан тэмцэлдэх бүрдээ уруудан доройтож, үндэс, угсаагаараа сөнөн мөхөх аюулд тулгарч ирснийг их түүх сануулдаг.

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХОР ХОХИРОЛ УЧРУУЛДАГ ХАМГИЙН БОДИТОЙ, ХАМГИЙН ТОМ АЮУЛ БОЛ ЭВ НЭГДЭЛ АЛДРАХ ЯВДАЛ ГЭДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ.

Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх түвшинд хүрч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал, түүний дотор Монгол Улсын нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ч заналхийлэл учруулж болзошгүйг анхаарч байх ёстой. Ашиг сонирхлын зөрчил шударга бус байдлыг бий болгож, шударга бус байдал газар авахаар олон түмний эв эе алдарч, эв эе алдарснаар үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирдаг харилцан хамааралтай. Нийгэмд шударга ёсыг тогтоох асуудал төрийн албанд зөв, шалгагдсан хүнийг сонгож ажиллуулах, чин шударга, чадварлаг ажилтныг дэмжин урамшуулж ажиллах, сонирхлын зөрчилтэй этгээдийг гэм буруутай үйлдэлд нь хариуцлага тооцож, төрийн албыг цэвэршүүлэхээс эхлэх энгийн дүрэмтэй. Нийгмийн тогтвортой байдалд Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зүгээс нөлөөлөх хүч асар их.

Нийгмийн тогтвортой байдал нийгмийн сэтгэл зүйгээр баримжаалагддаг гэж болно. Сүүлийн хориод жилд нийгмийн сэтгэл зүй хэв шинжийн хувьд нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээгээрээ задрах, хуваагдах чиг хандлага руу эрчимтэй явж ирлээ. Аливаа талцал, задрал, хуваагдал, тэр дундаа улс төржсөн хуваагдал нь сайн юманд хүргэхгүй, хөгжил дэвшлийн чөдөр тушаа болох нь гарцаагүй. Улс орны эрх ашиг дээр аль ч нам хүчин өөрсдийн үзэл баримтлалын зөрөөг үл хайхран нэгдэж, нийт үндэстний төлөө зөв шийдвэр гаргаж, хөгжлийн хөтөч болох үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд нь улс төрийн нам, улс төрчид, бизнес бүлэглэлийнхний төлөө аль нэг талд захиалгаар үйлчлэх, энэ хэрээр нийгэмд үнэнийг өгүүлэх, нэг талыг бариагүй, үнэлэлт, дүгнэлтгүй бодит мэдээлэл түгээхэд өөрсдөө саад учруулан, нийгэм, олон нийтийг хэт улс төржүүлэхэд нөлөөлж байгаатай эвлэрэх аргагүй.

Өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, тогтолцоо нь Монголын төрийг сулруулах үндсэн хэрэгсэл болсон гэж хэлж болох байх. Мөнгөөр улс төрд орж ирдэг, улмаар төрийн хариуцлагатай албан тушаалд гэнэт томилогдож, ажил унагадаг. Иймээс, улс төрийн намуудыг шинэчлэхгүйгээр, төлөвшүүлэхгүйгээр төрийг чадавхижуулж, бэхжүүлэх асуудал төвөгтэй. Нийгмийн шударга ёс, эв нэгдлээ дээдэлж, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэх эх оронч үндэсний үзлийг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх асуудлыг эн тэргүүнд тавьж хамтарч ажиллах түүхэн шаардлага улс төрийн намуудын өмнө хойшлуулшгүй тавигдаж байна. Дээрх байдлаас үзэхэд, үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд төрийн чиг үүрэг оновчтой тодорхойлогдоогүй, төрийн удирдлагын чадавх сул, авлига газар авсан, төрийн гадаад бодлого нэгдмэл байх зарчим алдагдаж, зохицуулалт суларсан, төр засгийн бодлого, үйл ажиллагааг иргэний нийгмийн зүгээс хурцаар шүүмжлэх, үгүйсгэх хандлага эрчимжих зэрэг нөхцөл байдал нь Монгол Улсын дотоод аюулгүй байдал эмзэг, өндөр эрсдэл бүхий цаг дор байна гэж үнэлэх хэмжээнд иржээ.

НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ - Нийгмийн эрсдэлийн менежмент нь Дэлхийн Банкны Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараас боловсруулсан шинэ ойлголт юм. Нийгмийн эрсдэлийн менежментийн зорилго нь нийгмийн хамгааллын уламжлалт ойлголтын хүрээг тэлж, эрсдэлээс хамгаалах, сэргийлэх, түүнийг даван туулах, эрсдэл даван туулах чадвартай болгоход чиглэнэ. Нийгмийн эрсдэлийн менежмент гол төлөв ядуус, эмзэг давхаргынхан, эдийн засгийн давалгаанд хамгийн түрүүнд өртөх магадлалтай хүмүүст анхаарал хандуулдаг.

Нийгмийн эрсдэлийн менежментийн стратеги нь ядуучуудын эмзэг байдлыг бууруулах, нэн ядуурлаас гаргахын тулд эрсдэлтэй ч гэсэн өндөр ашиг олж болох үйл ажиллагаанд оролцуулах ажлыг дэмждэг байна. Нийгмийн эрсдэлийн менежментийн ойлголт нь нийгмийн хамгаалал гэсэн ойлголтоос өргөн хүрээтэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх шаардлагыг амьдрал өөрөө гаргаж ирсэн гэж болно. Нийгмийн эрсдэлийн гурван эх сурвалж байдаг гэж үздэг байна.

Үүнд: Бие сэтгэлийн хувьд цохилтод өртөх тохиолдол хүний амьдралд тохиолдох бөгөөд энэ нь гол төлөв нас дээр болж, орлогын хэмжээ буурах, гэр бүлд нь хэн нэгэн нас барж, осол аваар, өвчнөөс болж, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй байх, цомхотголд орох зэрэгт цохилтыг амсдаг. Эдгээр нь гэр орны амьдралд давхар цохилт болж, хөрөнгө мөнгөний хомсдолд орох, амьдралын наад азхын хэрэгцээгээ хангахад бэрхшээл учруулдаг. Учирсан бэрхшээл нийт нутаг дэвсгэрийг бус, тодорхой хэмжээний газар нутгийг хамрах, хэсэг бүлэг хүмүүсийг хамрах нь бий. Үүнд ган гачиг, зуд турхан, инфляц, санхүүгийн хямрал орно. Энэ тохиолдолд хүмүүс тухайн газар нутгаас нүүх, хөдөөнөөс хот руу шилжих, амьдралын өөр эх сурвалж хайхад хүрдэг байна.

Ядуу амьдралтай хүмүүсийн хувь иймэрхүү цохилт ихээхэн асуудал үүсгэдэг. Байгалийн гамшиг, хүчтэй аадар бороо, хөрсний гулгалт, галт уул дэлбэрэх, газар хөдлөх, үерт автагдах, ган гачиг, хар салхи, солир болон сансрын хаягдал зэрэг зүйлс тэнгэрээс унах зэрэг гамшиг тохиолддог.

Эрүүл мэндтэй холбоотой эрсдэл нь шархдах, гэмтэл бэртэл авах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүнсний зүйлээс хордлого авах, хөгшрөх, амь насаа алдах, гэмт хэргийн золиос болох, орон гэртээ хүчирхийлэлд өртөх, хар тамхинд донтох, алан хядлагад өртөх, нийгмийн тогтворгүй байдал, үймээн самуун, олныг хамарсан турхиралт, бослогод өртөх зэргээр илэрнэ. Нийгэм эдийн засгийн эрсдэл нь ажилгүй болох, ургац алдах, компани дампуурах, санхүүгийн болон валютын хямрал, зах зээлийн болон үнийн огцом хэлбэлзэл, давалгаанд өртөх, захиргааны болон улс төр, үндэстэн ястны гадуурхалд өртөх зэргээр илэрнэ.

Түүнчлэн нийгмийн бухимдал, үймээн самуун, химийн болон биологийн зэвсэг, бөөнөөр хомроголон устгах зэвсгийн аюулд өртөх, осол аваар, гамшигт өртөх, улс төрийн хэлмэгдэл, төрийн эргэлт зэрэг нь нийгмийн эрсдэл дагуулах хүчин зүйлс юм. Эрсдэлийг учрахаас нь өмнө урьдчилан сэргийлэх, аюул заналыг бууруулах, хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, орлого буурах зэргийг урьдчилан тооцож хариу арга хэмжээ авах ёстой ба үүнийг үндэсний хэмжээний нийгэм эдийн засгийн бодлогын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлбэл зохино. Түүнчлэн санхүүгийн хямрал, тухайлбал газрын тосны үнэ нэмэгдэх, валютын зах зээлд гэнэтийн өөрчлөлт гарах, индекс, үнэт цаасны үнэ унах зэрэг эрсдэл тохиолдоход макро-эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай.

Тэтгэврийн тогтолцоог сайжруулах, ядууст санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, ажилгүйдэх, өндөр настай болох, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх тохиолдолд заавал даатгуулах тогтолцоог бүрдүүлэх нь нийгмийн эрсдэлийг даван туулах арга хэмжээний нэг хэсэг болно. Эрсдэлийн бүртгэл нь эрсдэлийн менежментийн нэгээхэн чухал хэсэг болох бөгөөд үүнийг төслийн эрсдэлийн менежмент болон зохион байгуулалтын эрсдэлийг үнэлэхэд өргөнөөр ашигладаг.

Энэ бүртгэлд эрсдэлийн жагсаалт, магадлалын түвшин, эрсдэлийн үр дагавар, уршиг, хариу арга хэмжээ, цаашид урьдчилан сэргийлэх арга замуудыг нарийвчлан дурдаж харуулсан байх учиртай. Даатгал бол ирээдүйд гарч болзошгүй ямарваа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх, тохиолдох хүндрэл, бэрхшээлийг хөнгөлөх зорилгоор урьдчилан төлсөн мөнгөн хураамжийн үр дүнд асуудал тохиолдсон үед эргэн төлөгдөх нөхөн төлбөр хэлбэртэйгээр ажилладаг эрсдлээс зайлсхийх санхүү, эдийн засгийн арга хэрэгсэл юм. Ийм учраас нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нийгмийн эрсдэлээс хамгаалах чухал хэрэгсэл болгон ашигладаг.

Нийгмийн даатгалын хөрөнгийг буруу буюу хяналтгүй зарцуулах нь нийгмийн эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ер нь нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн оролцоог аль болохоор багасгаж, даатгуулагчдад өөрт нь хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.

Ялангуяа дээд түвшиндээ хууль ёсыг сахихгүй, дураараа авирлах нь нийгэмд хууль ёсыг баримтлахгүй байхын жишиг болдог учир их хортой. Эрх мэдэлтнүүд хуулийг гууль болгож эхлэх юм бол энгийн хүмүүсийн хувьд энэ нь байдаг л үзэгдэл мэт ойлгогдоно. Хуулийн өмнө хүн бүр тэгш гэсэн заалт амьдрал хэрэгжихгүй болж, баячууд, улс төрчдөд өөр хууль үйлчилж эхлэх нь нийгмэд замбараагүй явдал үүсэхийн дохио болно. Иргэд төрдөө итгэхээ болино. Олон түмний улс төрийн идэвх муудна. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх оролцоо алга болно. Улс төрийн сонгуульд оролцох хүмүүсийн тоо жил ирэх тусам буурсаар байгаа нь үүний нэг илрэл юм.

Нийгмийн эрсдэлээс зайлсхийх гол арга нь аливаа маргаантай, олны дургүйцэл, зэвүүцэл, бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг зөвшилцөл, харилцан ярианы үндсэн дээр ойлголцох замаар шийдвэрлэхэд оршино. Ялангуяа хурц асуудлыг дэврээхгүй байх, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл, оролцооны байгууллагатай ярьж хэлэлцэж шийдэх нь чухал. Иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийгмийн тулгамдсан асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь нийгмийн эрсдэлээс зайлсхийхэд тустай.

Эрх баригч нам, Засгийн газар, улс төрийн бусад хүчин мэдрэмжтэй ажиллаж, иргэдэд, олон нийтэд тустай ажлыг санаачлан хэрэгжүүлж, шударга бус явдал, замбараагүй байдал, хуулийн эрх тэгш байдал, авлига, ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ улс үндэстний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тусгаар тогтнолоо сахин хамгаалах, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ - Монголын хувьд урт хугацааны эдийн засгийн тогтворжилт, цаашилбал нийгмийн тогтвортой хөгжилд “нөөцийн хараал” бас нэг том эрсдэлийг учруулахаар байна. Хууль болон гэрээний хэрэгжилт султай, захиргааны хүнд суртал ихтэй, авлигад автагдсан, Засгийн газартайгаа хариуцлага муу тооцдог, ерөнхийдөө бизнес эрхлэх орчин сул байх зэрэг хүчин зүйлс бүгд байгалийн баялгаа бүрэн, үр ашигтай ашиглахад саад тотгор учруулна.

Гагцхүү, урт хугацаандаа улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт авчрах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд маш хатуу сахилга бат, улс төрийн манлайлал шаардагдана. Мөчлөг дагасан бодлого нь хэт өсөлт, бууралтын мөчлөгийн далайцыг ихэсгэж байгаа нь муу засаглалын шинж тэмдэг бөгөөд манай улсад тулгараад байгаа бодлогын эрсдэл бодит гэдгийг харуулж байна. Улс орны хөгжлийн тулгуур салбар гэдэг утгаараа салбарын үйл ажиллагаа, зохицуулалтад төр заавал оролцох шаардлагатай болдог ч нөгөө талаас салбарын хөгжил төрийн үйл, ажиллагаатай хэт хараат байгаа нь олон эрсдэлийг салбарт авчирч байна. Өрсөлдөөний ердийн бус нөхцөл байдалтай холбогдсон эрсдэл:

Төрийн оролцоо гэдэг утгаараа зах зээлийн бус аргаар өрсөлдөх хэлбэр олон тохиолддог. Ерөнхийдөө бол улс төрийн томоохон хүчнүүд, хөрөнгө ихтэй компаниуд зэрэг хүчтэй оролцогчид энэ салбарт ажилдаг. Тухайлбал, Монгол Улсад бизнес эрхлэхэд илүү өндөр зардалтай болж, хөрөнгө оруулалтыг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар муудна. Инфляцийн дарамт нэмэгдэнэ. Эдийн засгийн хэт халалт ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг доош татаж болзошгүй. Уян хатан ханшийн тогтолцоо үр дүнтэй байгаа тул хадгалах нь зүйтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн зайлшгүй шаардлагатай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл бүрэлдэн тогтоогүй байна.

Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гол тулгуур юм. Эдийн засаг нь өөрөө гадаад болон дотоод олон хүчин зүйлээс хамаарсан, байнгын хувьсал, өөрчлөлтөд орж байдаг комплекс динамик систем мөн учраас судалгааны хэвшмэл арга хэрэгслүүд хангалтгүй болж орчин үеийн арга хэрэгслүүдийг өргөнөөр хэрэглэдэг болжээ. Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал их болсон. Хүмүүсийн оюун санаа, амьдралын хэвшилд өөрчлөлт орж байна. Мэдээллийн хэрэгсэл ашиглан хувь хүний оюуны дархлаа, үндэсний эв нэгдэл, ухамсарт нөлөөлөх эрсдэл үүсч байгаа юм.

Мэдээлэл өөрөө үндэсний нөөц баялаг, улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөх чухал хүч болсон. Эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжлийг үндэсний эрх ашгийн салшгүй хэсэг, үндэсний аюулгүй байдлын гол тулгуур, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг хангах гол суурь нь хэмээн үзсэн. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь “эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг” бий болгоход оршино.

Энэ нь нэгдүгээрт эдийн засгийн систем тэнцвэртэй байх, хоёрдугаарт хөгжил, дэвшил нь өөрөө аюулгүй байдлыг хангах нөхцөл гэсэн дуализмыг илэрхийлсэн нь эдийн засгийн аюулгүй байдлын номлолын гол агуулга болж байгаа юм. Бие даасан байдлыг хангах нь эдийн засгийн аюулгүй байдлын зайлшгүй нөхцөл бөгөөд энэ нь нэгдүгээрт, дотоод нөөц, бололцоогоо дайчилж, өөрийгөө тэтгэх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах чадвартай, хоёрдугаарт гадаад, дотоод сөрөг хүчин зүйлүүдийн эсрэг дархлаатай, тэдгээрийн үйлчлэлд эмзэг бус, өөрийгөө тэнцвэржүүлэх чадвартай байхыг хэлж буй. Үндэсний аюулгүй байдал болон түүний суурь болох эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь төрийн удирдлагын чадавхаас шууд хамаарна.

Нэн ялангуяа хөрш орнууд нь төрийн хүчтэй удирдлагатай, дотоодын зах зээл нь цөөн тооны “тоглогчидтой” жижиг зах зээлд эдийн засгийн өөрийн зохицуулалтын зүй тогтлууд тэр болгон үйлчилж чадахгүй байгаа нь дээрх шаардлагыг нэмэгдүүлж байна. Аливаа үндэстний хүч чадал нь газар нутаг, байгалийн баялаг, санхүү, хөрөнгө, хүний нөөцөөрөө тодорхойлогдож байсан бол тус үндэстний мэдлэг, мэдээлэл нь чухал баялаг, хүч болон хувирлаа.

…… Үргэлжлэл дараагийн дугаарт