Эрсдэлийн удирдлага
2022.02.22

Эрсдэлийн удирдлага

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.Баттөмөрийн “Эрсдэлийн удирдлага” /Risk Managment/ цуврал нийтлэлийг хүргэж байна.

Өнөө үеийн даяаршсан ертөнцийн аюулгүй байдал, хүн төрөлхтний оршин тогтнох орчин, амьдралын нөхцөлд шинэ шинэ, урьд өмнө үзэгдээгүй эрсдэл заналхийлэх болов. Улс, үндэстнүүдийн хоорондын харилцаа өргөжиж, даяаршин эдийн засаг, нийгмийн нэгдмэл орчныг бий болгон, мэдээлэл, холбооны хэрэгслээр холбогдон, хил хязгааргүй гэхээр шинэ орчинд дасан зохицох хэрэгцээ гарч байна. Бөөрөнхий гэж тооцогддог дэлхий хавтгай болжээ. Энэ шинэ орчин, амьдралын хэмнэл нь хөгжил, дэвшлийг нээж өгөхөөс гадна шинэ аюул, занал, эрсдэлийг бий болгож байна. Улс төр, эдийн засгийн өрсөлдөөн эвлэршгүй сөргөлдөөний хэлбэрт шилжих, үймээн самуун дэгдэх, эдийн засгийн хямрал үүсэх эрсдэл бий болж, байгаль, экологийн гамшиг, нийтийг хамарсан өвчин нүүрлэх болов.

Эрсдэл гэдэг товчхондоо ирээдүйг тааварлах асуудал юм.

Юуны түрүүнд эрсдэлээ оновчтой зөв тодорхойлох шаардлагатай. Үргэлж яв цав тохирсон хариу арга хэмжээ авч чадахгүй, гэхдээ л эрсдэлийн магадлалыг зөв тодорхойлж, зөв үнэлж, түүнийг хэрхэн даван туулахаа зөв төсөөлж, эсвэл эрсдэлээ бусадтай хуваалцаж, бусдад үүрүүлэх, эсвэл эрсдэлээс тойрч гарч сурах нь оршин тогтнох, амжилт олохын үндэс юм. Хүн бий болсон цагаас үхэх хүртлээ цаг мөч бүрт эрсдэлтэй тулгарч байдаг бол улс төр, нийгэм, эдийн засаг, улс ардын аж ахуйн салбар бүрт эрсдэл байдаг.

Эрсдэл бол боломж, эрсдэлтэй учирснаар хүний оюун ухаан улам тэлж, дахин давтагдахгүй өвөрмөц шинэ арга сэдэж, шинээр сэтгэж эхэлдэг. Ийм болохоор эрсдэл гэдэг нь муу юм биш, таны урагшлах хөгжил, амжилтын түлхүүр мөнөөс мөн. Харин эрсдэлийг удирдахгүй бол эрсдэл таныг удирдана гэдэг нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна.

Эрсдэлийн мөн чанар, үнэлгээ - Эрсдэлгүй юм гэж энэ хорвоод байхгүй гэж болно. Өдөр тутам бидний амьдралд төсөөлөөгүй зүйл, урьдчилж харах боломжгүй зүйлс, урьдчилж харах боломжтой байсан ч хараагүй зүйлс, тодорхойгүй зүйлс тохиолдож байдаг.

Эрсдэлээс айх юм бол юу ч хийх хэрэггүй гэж ойлгох нь бий. Гэхдээ юу ч хийхгүй суух нь бүр ч эрсдэлтэй байж болно. Ингэхээр эрсдэлтэй алхмыг зоригтой хийх нь шинэ шинэ боломжийг нээдэг болохыг дэлхийн түүх гэрчилж байна.

Эрсдэлээ тооцож, дараачийн алхмаа хийх нь бизнес эрхлэх, шинээр хөрөнгө оруулалт хийх, зээл олгох, зээл авах, томоохон төсөл эхлүүлэхэд гарцаагүй шаардагдана. Эрсдэлийг дотор нь обьектив эрсдэл, субьектив эрсдэл гэж хувааж үздэг.

Объектив эрсдэл гэдэг нь бодитой тохиолдох эрсдэл буюу санхүүгийн алдагдал, байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал, материаллаг хор хохирол, хүний амь нас эрсдэх зэрэг юм.

Субьектив эрсдэл гэдэг нь хүний сэтгэл санаанд илрэх таагүй нөлөөлөл, санаа зовнилт, айдас, түгшүүр, сэтгэлийн хөөрөл, догдлол зэрэг хүний сэтгэлийн тайван бус байдал, олныг хамарсан тавгүйтэл, сэтгэл дундуур байдал, бухимдал юм.

Эрсдэлийг зөв тодорхойлохоос цаашдын ололт амжилт ихээхэн хамаарах учир түүнийг тодорхойлох олон аргуудыг мэдэж авсан байвал зохино:

Зорилгодоо түшиглэн эрсдэлийг тодорхойлох - ямар ч байгууллага, төслийн багийнхан өмнөө тавьсан зорилготой байдаг. Зорилгодоо хүрэхэд саад тотгор болох аливаа зүйлийг эрсдэл гэж тооцно.

Байж болох тохиолдолд суурилан эрсдэлийг тодорхойлох - байж болох янз бүрийн тохиолдлыг ургуулан бодож, тэр үед гарч ирж болох эрсдэлийг хэрхэн хариулах талаар төлөвлөнө.

Эрсдэлийг өдөөх ямар нөхцөл байгааг сайтар урьдчилан харах хэрэгтэй. Ирээдүйг урьдчилан харж, түүнд тааруулан ажлаа төлөвлөж сурах нь чухал. Эрсдэлийн боломжит эх сурвалжийг тогтоож, ангилах нь чухал ач холбогдолтой. Болзошгүй эрсдэлийн жагсаалтыг гаргаж, тодорхой эрсдэл тохиолдсон үед авах арга хэмжээг урьдчилан тодорхойлох нь ач холбогдолтой.

Эрсдэлийг хүснэгтэд оруулж эрэмблэн эрсдэлийн эх сурвалж, бодит шалтгаан, учруулж болох аюул занал, бэрхшээл, алдагдал, хор хохирлыг эрсдэлийн уршгийг нэмэгдүүлэх, бууруулах хүчин зүйлсийг анхаарч үзнэ.

Эдгээр асуудлыг багтаасан матрикс үүсгэснээр хандлагаа зөв тодорхойлох боломж бүрдэнэ. Эрсдэлийн менежментийг хувийн секторт, тухайлбал, даатгал, банк, худалдаа үйлдвэрлэлийн салбарт амжилттай хэрэглэж байгаа бөгөөд ингэснээр тэдний ашиг орлого тогтвортой нэмэгдэх боломж бүрддэг.Төрийн байгууллагын хувьд ч гэсэн эрсдэлийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх боломж асар өргөн байгаа бөгөөд эрсдэлийг зөв тодорхойлсноор төсвийн хөрөнгө мөнгийг оновчтой зарцуулж, бага зардлаар их үр дүнд хүрэх бололцоо нээгдэнэ.

Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань эрсдэл үүсэх орчин, шалтгаан, эрсдэлийг эрт таньж мэдэх, илрүүлэх, түүний түвшинг тогтоох, эрсдэлд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг багасгах, түүний эсрэг арга хэмжээ авах зэрэг ажлыг хамаардаг. Эрсдэлд дүн шинжилгээ хийгээд эрсдэл өндөр бол ямар арга хэмжээ авах, эрсдэл бага байвал түүнийг яавал зохих талаар дүгнэлт гарах ёстой. Урьдчилан тогтоосон шалгуурын үндсэн дээр эрсдэлийг үнэлнэ. Эрсдэлийг тоон хэлбэрт оруулан үнэлэх онол, арга зүй бий. Түүний дотроос эрсдэлийн томьёог дараах байдлаар илэрхийлсэн нь хамгийн оновчтой шийдэл гэж үздэг. Эрсдэлийн магадлалыг түүний хор уршгаар үржүүлж гарсан хариуг эрсдэлийн цар хүрээ буюу бүрдүүлэгч индекс гэж үздэг. Эрсдэлийн хор хохирлыг гол төлөв 1-5 хүртэл тоогоор үнэлж, 1 ба 5-ын тоог хамгийн бага, их уршиг, үр дагавар гэж үзнэ. Эрсдэл тохиолдох магадлалыг мөн 1-5 гэсэн тоогоор авч үзэх ба 1 нь хамгийн бага магадлалыг илэрхийлэх бол 5 нь хамгийн өндөр магадлалыг заана. Энэ томьёогоор тооцож үзвэл нийлбэр индекс нь 1-25-ын дотор эргэлдэх ба үүнийг дотор нь бага, дунд, их гэсэн гурван хэсэгт хувааж үзэж болох юм. Тухайлбал, 1-8 бол бага, 9-16 бол дунд, 17-25 бол их гэсэн үг.

Эрсдэлийн хор хохирлыг барагдуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах ажлыг хийж болно:

  1. Бизнесийн арга барилаа өөрчлөх, шинэчлэх
  2. Учирч байгаа эрсдэлд үе үе дүн шинжилгээ хийж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломжоор хангах
  3. Эрсдэлийг гуравдагч этгээдэд үүрүүлэх, даатгалын байгууллагад шилжүүлэх
  4. Эрсдэлээс зайлсхийх, шаардлагатай бол өндөр эрсдэлтэй ажлаас татгалзах, хэсэг салбарыг хаах, цомхотгох

Эрсдэлийг удирдахгүй орхивол эрсдэл биднийг удирдана. Эрсдэлээс айх юм бол юунд ч хүрэхгүй. Эрсдэл тийм ч муу зүйл биш. Эрсдэл шинэ боломж нээнэ. Эрсдэл өндөр байх тусам ашиг орлого төдийчинээ байдаг. Эрсдэлгүй том амжилт гэж байхгүй. Эрсдэл гарах нь зайлшгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг хэрхэх вэ гэдэг нь дараагийн шатанд авч үзэх асуудал юм. Гол төлөв дөрвөн үндсэн аргыг сонгодог:

  • Эрсдэлээс зайлсхийх, эрсдэлд орохгүйгээр асуудлыг шийдэх
  • Эрсдэлийг бууруулах, хамгийн боломжит хэмжээнд бууруулах, багасгах, хор холбогдлыг арилгах
  • Эрсдэлийг бусадтай хамтран үүрэх, бусдад шилжүүлэх, даатгуулах
  • Эрсдэлийг хүлээн авах, тусгай санхүүжилт гарган шийдэх

Аутсорсинг нь эрсдэлийг бууруулах голлох арга болоод байна. Аутсорсингоор програм хангамж боловсруулдаг компани үйлдвэрлэлээ өргөтгөхийн тулд хэрэглэгчээс дэмжлэг авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлээд байж болох боломжтой. Зээл авахдаа ирээдүйд учрах зах зээлийн болон бусад хүчин зүйлсийг бодолцож, зээлээ нөхөн төлөх бүх боломжоо сайтар тооцоолох хэрэг гарна.

Эрсдэлийг хүлээн авах гэдэг нь алдагдлыг нөхөх арга хэмжээ авахыг хэлнэ. Эрсдэлийн төрлөөс хамааран тохирох хяналтын механизмыг хэрэгжүүлнэ. Эрсдэлийн эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, удирдах дээд албан тушаалтнаар батлуулна.

Эрсдэлийн менежментийн төлөвлөгөөнд эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, түүний эсрэг хариу арга хэмжээ, аюулгүй байдлыг хангах ажлуудыг оруулсан байна. Түүнчлэн тодорхой арга хэмжээг хэн хариуцах, ямар цаг хугацаанд хийхийг зааж өгсөн байдаг. Эрсдэл тус бүрийг хэрхэн шийдэх, аюулгүйн ямар арга хэмжээ авах, хяналт шалгалтын зорилго зэргийг тусгавал зохино. Эрсдэлийг цаг тухайд нь илрүүлж, тодорхойлж байхгүй бол болзошгүйалдагдал, аюул ослын өмнө гар мөхөсдөнө. Хэт их анхаарал тавьж, цаг алдах нь бас аюултай. Ямар ч үйл ажиллагаа эхлэхээс өмнө ямар нэг эрсдэл байгаа эсэхийг нарийн нягталж, цаашид хэвийн хэмжээнд урагшлах боломжоо бүрдүүлэх хэрэгтэй.

Гол төлөв бизнесийн эрсдэлийг дотор нь зах зээлийн эрсдэл, үнийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл гэж хувааж үздэг ба эдгээр хэсэг тус бүрт шаардагдах хөрөнгийг тооцох аргууд өөр өөр байдаг.

 

Хүн төрөлхтний түүхийн эхэн үед эрсдэл хүний амьдрах орчинтой холбоотой байсан бол сүүлдээ нийгмийн орчинд тохиолддог болсон байна. Түүхийн эхэн үед хүний амьдралд араатан амьтны халдлага аюул учруулдаг байсан ба гал гаргаж авснаар энэ аюулыг бууруулж чадсан боловч бүрмөсөн алга болгочихоогүй, харин ч эрсдэлийг бууруулсан юм.

Аливаа эрсдэлийг бүрмөсөн арилгах буюу алга болгох боломж бараг байхгүй. Эрсдэл гэдэг нь ерөнхийдөө хор уршиг, гай зовлон учрах, эсвэл алдагдалд орох магадлал юм. Хувь хүн хөрөнгө оруулалт хийхдээ олон хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй болдог. Тухайн хөрөнгө оруулалтын найдвартай байдал, учирч болох эрсдэлийг тооцож сурах хэрэгтэй. Тодорхой хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно. Тооцоолсон ашиг орлогын хэмжээ буурах, өөрчлөгдөх, хүлээгдэж байсан орлогоо олж авч чадахгүй байх, ашгийн тогтворгүйтэл үүсэх зэргийг санхүүгийн эрсдэл гэж үздэг. Хүлээгдэж байсан ашиг орлогоо олж чадахгүйгээр үл барам алдагдалд орохгүйн тулд эрсдэлийг сайтар тооцох хэрэгтэй болдог.

Санхүүгийн эрсдэл нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй холбоотой, оруулсан хөрөнгийн ашиг орлого хүлээж байснаас доогуур байх нь эрсдэл үүсгэнэ. Тэр ч байтугай оруулсан хөрөнгөө олж авч чадахгүй байх ч аюул тулгарч болно. Санхүүгийн эрсдэл нь зах зээлээс хамаарч болно, зах зээлийн олон тооны хүчин зүйлсээс шалтгаалан санхүүгийн эрсдэл амсах тохиолдол олон бий.

Эрсдэлийг санхүүгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах үедээ тооцох нь хамгийн зөв алхам юм. Санхүүгийн зах зээлд хүүгийн хувь хэмжээг хязгаарлах нь үр дүнтэй арга гэж тооцогддог. Санхүүгийн зах зээлд эрсдэлийг үнэлэхэд хамгийн тохиромжтой орчин гэж үздэг боловч үүнийг шууд тодорхойлоход бас бэрхшээлтэй. Ялангуяа хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, арилгах зорилгоор санхүүгийн хэрэгслийг худалдаж авах, борлуулах буюу хийх эсвэл гэнэт ашиг олох зорилгоор эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчийг алдагдалд оруулах буюу спекуляц хийх нь нарийн төвөгтэй арга ажиллагаа юм.

Санхүүгийн зах зээлээс их хэмжээний ашиг орлого олох хүсэлтэй бол асар их эрсдэлтэй алхам хийх шаардлага гарна. Чөлөөт зах зээлийн үндсэн зарчим энэ бөгөөд санхүүгийн найдвартай хэрэгслийг худалдан авах сонирхол, хэрэгцээ өндөрсөх ба үнэ нь өснө. Гэхдээ хүлээгдэх ашиг нэг их биш байх харин санхүүгийн эрсдэлтэй хэрэгслийг худалдан авах хэрэгцээ байгаа учир үнэ нь бууна, гэхээр олох ашиг нь төдийчинээ өндөр байдаг.

Санхүүгийн зах зээлийн эрсдэлийг тооцох хамгийн найдвартай арга нь Үнийн Эрсдэлийн буюу (VaR)-ын арга бөгөөд удаан хугацааны VaR, нийт ашгийн VaR, Хүчин зүйлийн VaR, Шокийн VaR гэх мэтээр хувааж үздэг. Шокийн VaR-ыг зах зээлд их хэмжээний донсолгоо, савалгаа үүссэн нөхцөлд ашигладаг. Санхүүгийн эрсдэл янз бүрийн хэлбэртэй байж болно. Гол төлөв хүүгийн эрсдэл, зээлийн эрсдэл, валютын ханшийн эрсдэл, төлбөрийн чадваргүй болох эрсдэл, хөвөх чадварын эрсдэл, зах зээлийн эрсдэл, инфляцийн эрсдэл болон санхүүгийн луйврын эрсдэл хэлбэртэй байдаг.

  • Инфляцийн эрсдэл. Инфляци өндөр буюу юмны үнэ өсч байгаа үед хөрөнгө оруулалтын өгөөж, ашгийн хувь хэмжээ инфляцийн түвшингээс доогуур байх эрсдэл байдаг.
  • Хүүгийн эрсдэл. Зарим компанийн тогтмол хүүтэй бонд, хугацаат хадгаламж зэрэгт хөрөнгө оруулалт хийхэд хүүгийн эрсдэл гарч болно. Зах зээлийн хүүгийн түвшин ихээхэн хэлбэлзэлтэй байгаа үед нэг жилээс урт хугацаатай, тогтмол хүүтэй бонд худалдан авахаас татгалзах нь эрсдэлийг бууруулна. Үүний тулд зах зээлийн мэдээлэлд анхаарлаа хандуулахаас гадна, санхүүгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь зүйтэй.
  • Бизнесийн эрсдэл. Хувьцаа, компаний бонд худалдаж авах үед бизнесийн эрсдэл тохиолддог. Хувьцаа, бонд гаргасан компаний удирдлага, зохион байгуулалт, эсхүл борлуулалт муудах зэрэг олон хүчин зүйлээс хамааран ашиггүй ажиллаж алдагдал хүлээх нь бий. Ашигтай ажиллаж чадаагүй компани ногдол ашиг тарааж чадахгүй бөгөөд ногдол ашиг өгдөггүй компаний хувьцааны үнэ буурна. Компани ашиг, орлогогүй ажиллавал гаргасан бондынхоо хүү болон үндсэн төлбөрийг төлөх эсэх нь эргэлзээтэй болно. Хэрэв бонд, хувьцаа гаргасан компани дампуурвал түүний хувьцаа, бондыг авсан хөрөнгө оруулагчид бүрэн алдагдал хүлээх магадлал ч бий.
  • Зах зээлийн эрсдэл. Хөрөнгө оруулагчдын шийдвэр, зан төлвөөс хамааран хувьцаа, бонд, бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтын үнэ байнга өөрчлөгдөж байдаг билээ. Эдийн засгийн өсөлт, бууралтыг урьдчилан таамаглахад бэрх байдаг. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт өндөртэй он жилүүдийн дараа эдийн засгийн бууралт, уналт дагалдаж байдаг. Худалдан авсан үнэт цаас, үл хөдлөх хөрөнгөө хямралын үед зарж борлуулахад ихээхэн бэрхшээл учирч болно. Аливаа хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, аюулгүй байдал, ашиг орлогыг тооцоход дараах схемийг ашиглаж болох юм. Үүнийг хөрөнгө оруулалтын пирамид гэж нэрлэх ч тохиолдол байдаг. Пирамидын суурь буюу суурь хэсэгт байгаа хөрөнгө оруулалт нь хамгийн эрсдэл багатай, найдвартай хэлбэр бол пирамидын дээд хэсгийн хөрөнгө оруулалтын хэлбэрүүд нь хамгийн эрсдэл өндөртэйд тооцогддог байна.

Байгууллага, иргэд өөрийн хөрөнгө, санхүүгээ эрсдэлээс хэрхэн сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг бууруулах талаар стратеги боловсруулж, хэрэгжүүлэхийг эрсдэлийн менежмент хэмээдэг. Ямар ч хүн бүх төрлийн эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй тул аль болох түүнийг багасгах арга замыг хайх хэрэгтэй. Ихэнх хүмүүс эрсдэлээс сэргийлэхийн тулд зөвхөн даатгалд хамрагдах хэрэгтэй гэж боддог. Гэвч даатгал нь эрсдэл, тодорхойгүй байдлыг зохицуулах цорын ганц арга зам биш юм. Энд эрсдэлийн менежментийн ерөнхий гурван арга замын талаар товч тайлбарлая. Эдгээр нь эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх арга замууд болно. Эрсдэл ажил амьдралын бүхий л хэсэгт, хаана ч байдаг бөгөөд харин түүнийг мэдэрч, хариу арга хэмжээ авах нь чухал гэж дээр ярьсан.

Эдийн засгийн эрсдэл гэдэг нь зардал орлогоос давах буюу алдагдалтай ажиллах, эдийн засгийн хямралд орох, эдийн засгийн хувьд оршин тогтнох чадвараа алдахыг хэлнэ. Эдийн засгийн хөгжил гол төлөв мөчлөг хэлбэртэйгээр дахин давтагдах байдлаар явагддаг учир уналт, өсөлтийн мөчлөгийг зөв тооцоолж, эрсдэлээс сэргийлэх, даван туулах стратегиа боловсруулна. Гэхдээ нийгмийн хүрээнд авч үзвэл алдагдалд орох нь ашигтай байдал үүсгэж болно, засгийн газрууд ямар нэг алхам хийхгүй байснаар алдагдалд орох аюулыг тойрч гарсан тохиолдол байдаг нь судалгаагаар нотлогдсоныг дурдахгүй өнгөрч боломгүй юм.

Зээлийн эрсдэл гэж гэрээний үүргийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө төлж чадахгүй байх, эсвэл зээлдэгч зээлээ төлөхийг хүсэхгүй байснаас үүсэх алдагдлыг хэлнэ.

Зах зээлийн эрсдэл гэдэг нь: Зэх зээл дэх санхүүгийн хэрэгслийн үнэ болон параметрийн буюу үнийн хэлбэлзэл ба үнийн өөрчлөлтүүдийн хоорондын хамаарал, хөдөлгөөнөөс хамааран хөрөнгийн үнэ цэнэ буурахыг ойлгоно.

Хүүгийн эрсдэл гэдэг нь банкны хөрөнгө болон эх үүсвэрийн зах зээлийн үнэлгээ нь хүүгийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж, алдагдал хүлээхийг хэлнэ. Мөн банкинд хүүгийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалан хүүгийн орлогоо алдах, мөн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ багасах зэрэг эрсдэлтэй байдаг.

“Хөрвөх чадварын эрсдэл” буюу “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл” гэж банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байх нөхцлийг хангаж байгаа боловч харилцагчийн анхны шаардлагаар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж чадахгүй болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.

Үйл ажиллагааны эрсдэл гэдэг нь дотоод үйл ажиллагааны доголдол, хувь хүн болон систем, аль эсвэл гадаад хүчин зүйлсээс шалтгаалж алдагдал хүлээхийг хэлнэ. Энэ нь мөн нэр хүндийн эрсдэл болон удирдлагын буруу шийдвэрээс үүсэх эрсдэлийн агуулдаг. Эдийн засгийн үр ашиг өгөөжийг бодит байдал дээр үндэслэн үнэн зөвөөр тооцоолоогүй, нөлөөлж болох хүчин зүйлийг дутуу тооцоолсноос бизнесийн үйл ажиллагаа доголдох, эрсдэлд ордог. Үйл ажиллагааны эрсдэлийг маркетингийн, инновацийн, хөрөнгө оруулалтын, даатгалын, санхүүгийн эрсдэл гэж хувааж үздэг бол, эрсдэлийн үр дагавраар нь эдийн засгийн, нийгмийн, эрхзүйн, зохион байгуулалтын, сэтгэлзүйн, имижэд нөлөөлөх эрсдэл гэж хуваадаг.

Эрсдэлийг шийдсэнээр нийгэм улс төрийн болон экологи, хүн ам зүйн хувьд үр дүнд хүрч болох ба эрсдэлийн нөлөөлөх түвшин, цар хүрээгээр олон улсын хэмжээний, макро-эдийн засгийн, бүс нутгийн хэмээн ангилж болно. Зах зээлийн эрсдэлийн хүчин зүйлийг өрсөлдөх чадварын, коньюнктурын, үнийн, харилцаа холбооны гэж хуваадаг бол эрсдэлийн эх сурвалжийнх нь хувьд хүний нөөцийн, мэдээллийн, санхүүгийн эх үүсвэрийн, материаллаг нөөцийн болон цагийн гэж ангилж болно.

Үйлдвэрлэлийн эрсдэл гэж урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас бизнес төлөвлөгөөнд туссан зардал хэтрэхийг хэлэх бөгөөд тоног хэрэгслийн сул зогсолт, хэрэгцээт материал хугацаандаа нийлүүлэгдээгүй учраас ийм эрсдэл гардаг. Үйлдвэрлэлийн эрсдэл гарах нь гол төлөв удирдлага, зохион байгуулалтын алдаа болон гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалдаг.

Хөрөнгө оруулалтын эрсдэл бол оруулсан хөрөнгө нөхөн төлөгдөхгүй байх, тооцолсон ашиг орлогоо олж чадахгүй байх, тодорхойгүй байдал үүсэхтэй холбоотой. Ажлын байрны аюулгүй байдлыг хангахад эрсдэлийг зөв тооцох нь үнэлж баршгүй ач тустай. Байгууллагад учрах аюул занал, эрсдэлийн талаар ямар нэг мэдээ сэлт байхгүй тохиолдолд эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд ямар төрлийн асуудал, эрсдэл, аюул заналхийлж болохыг тогтоох шаардлага гардаг.

Ажлын байрны аюулгүй байдлыг хангахад учирч болох эрсдэлийг тодорхойлох, илрүүлэхэд туслах мэдээллийн эх сурвалжууд бий.

Үүнд:

  • Эрх зүйн болон техникийн заавар зөвлөмж, хэм хэмжээ
  • Эрүүл ахуй, халдваргүйжилтийн улсын хяналтын үр дүн
  • Ажлын байранд шаардагдах эрүүл ахуйн дүрэм, журам
  • Аваар ослоос урьдчилан сэргийлэх дүрэм журам
  • Ажлын байрны аттестатчлалын дүн
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрүүл ахуйн дүгнэлт
  • Үйлдвэрлэлийн техник, технологийн аюулгүй байдлын дүрэм
  • Ажилчдын дунд явуулсан санал асуулга, гомдол хүсэлтийн дүн
  • Практик ажлын туршлага, ажиглалт

Эрсдэлийн менежментийн чухал хэсэг нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл юм. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нь бизнесийн байгууллагын хувьд эдийн засгийн нөлөөг бодитойгоор үнэлж дэнслэх, түүнд тохирсон хариу үйлдэл хийх боломжтой болгоно.

Бизнесийн хүрээний эрсдэл нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Зах зээлийн харилцааны орчны тогтворгүй байдал, улс төр, нийгмийн байдал тодорхойгүй байх, гадаад орчны талаар найдвартай, хангалттай мэдээлэл байхгүй байх, байгууллагын менежерүүд орж ирсэн мэдээллийг хүлээн авах, боловсруулах чадваргүй байх, бизнес эрхлэх явцад таагүй үйл явдал гэнэт гарч ирэх, зах зээл дэх түншийн болон өрсөлдөгчийн таагүй харьцаа гэх мэт бизнест эрсдэл дагуулдаг.

Бизнесийн байгууллагын хувьд ашиг орлогод нөлөөлөх хүчин зүйл, нөхцөл нь эрсдэл гэж тооцогдоно. Энэ нь тухайн байгууллагын нөөц бололцоо, хүн хүчний болон хөрөнгө мөнгөний боломж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлчлүүлэгч, харилцагчид, нийгмийн гадаад хүчин зүйлс, зах зээл болон бизнес эрхлэх орчин байж болно. Эрсдэлээс хамгаалах хэрэгслийн тоонд даатгал, давхар даатгал, үүсмэл бүтээгдэхүүнүүд, опшион, форвард, фьючерс, своп, хэджинг орно. Төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс өмнө мөн эрсдэлийг тооцох шаардлагатай.

Эрсдэлийн менежмент, зарчим, үе шат

Эрсдэлийн сэтгэлгээний түүх эртний Хятад, Ромын мэрэг төлөгчдийн үеэс эхтэй бөгөөд 3000-4000 жилийн хугацаанд хүн төрөлхтөний сэтгэлгээний түүхэнд өөрийн гэсэн онцлог чанартай хөгжиж иржээ. Эрсдэлийн сэтгэлгээний түүхийг таван үе шатанд хуваан авч үзэж болно.

  • Нэгдүгээр үе шатанд зөн совингийн үе буюу эртний Хятад Ромын мэрэг төлөгчдийн үе багтана. Ертөнцийн бүх юмс үзэгдлийн шалтгаан нь гагцхүү бурхан тэнгэр, дээд хүчнээс хамааралтай гэх үзэл олон мянган жил ноёрхсоор ирсэн байдаг. Энэ үед эрсдэл буюу гай гамшиг бол гагцхүү бурхны шийдвэр хэмээн хүлээн авдаг байв.
  • Хоёрдугаар үе шат буюу эмпирик туршлагын болох дундад зууны үед Европын улс орнуудын дунд урт хугацааны дайн дажин үргэлжилж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулах, ялалт байгуулахын тулд эрсдэлээ тооцох, түүнийг удирдах туршлага сууж эхэлсэн байна.
  • Гуравдугаар үе шатыг гүн ухааны үе /1755-1940/ гэж нэрлэдэг ба энэ үед хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан гүн ухаанч сэтгэлгээний үе эрсдэлийн сэтгэлгээнд мөн тэсрэлт хийсэн юм. Ирээдүйн эрсдэл, ослын талаар бодитой тооцож, өндөр байшинг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барихгүй байх санал дэвшүүлсэн нь эрсдэлийн сэтгэлгээнд шинэ үеийг нээсэн юм.
  • Дөрөвдүгээр үе шат буюу технологийн үе нь 1940-1980 онд үргэлжилсэн бөгөөд энэ үед шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдэлийн таамаглал, ажиглалтыг практикт ашиглаж болжээ. Ийнхүү 1955 онд АНУ-ын Темплийн их сургуулийн профессор Вейн Снайдер “Эрсдэлийн менежмент” гэсэн нэр томьёог, 1956 онд Рассел Каллагер “Эрсдэлийн менежер” хэмээх нэр томьёог бий болгосон нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.
  • Тавдугаар үе шат буюу шинжлэх ухааны үе 1980-аад оноос эхэлсэн түүхтэй. Эрсдэлийн удирдлага гэх менежментийн шинэ салбар АНУ, Европт эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Эрсдэлийн менежментийн чиглэлээр олон улсын байгууллагууд байгуулагджээ. Амжилтын гол үндэс бол зөв шийдвэр гаргаж, эрсдэлийг даван туулах явдал юм. Даяаршлын эрин үед эрсдэл цар хүрээгээ тэлж, эрсдэлд хил хязгаар гэсэн ойлголт алга болов.

Эрсдэлийн менежмент гэж юу вэ?

Олон янзаар тодорхойлсон байдаг ч үндсэндээ эрсдэлийг таних, тодорхойлох, тогтоох, үнэлэх үйл явц юм. Эрсдэлийн менежментэд асуудлыг тодорхойлох, эрсдэл ба эрсдэлийн субьект, обьектыг тодруулах, эрсдэлийн орчин нөхцөл, үр дагаврыг үнэлэх, эрсдэлийг удирдахаар хийж буй ажил, тавьж буй хүчин чармайлтын ач холбогдлоор зэрэглэх, эрсдэлийг удирдах төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдаж хянах зэрэг асуудал орно.

Эрсдэлийн олон төрөл байна. Нийтлэг эрсдэлд ажлын байрны осол, гал түймэр, хуй салхи, газар хөдлөлт болон байгалийн гамшиг, луйвар, хулгай зэрэг хүний амьдралд өдөр тутамд учирч болох эрсдэл орно. Ажил хэргийн чанартай эрсдэлийн тоонд санхүүгийн тогтворгүй байдал, зээлийн эрсдэл, мэдээллийн хадгалалт, нууцлал, аюулгүй байдалтай холбоотой эрсдэл гээд тоочвол олон эрсдэл багтана.

Эрсдэл гарч болох түүнээс учрах хор уршгийн тухайд дөрвөн бүлэгт хуваан авч үздэг. Эрсдэл тохиолдох магадлал өндөр бөгөөд түүнээс гарах уршиг их байх юм бол тухайн эрсдэлийг гаргахгүй байх арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл, согтуугаар жолоо баривал осолд орох эрсдэлтэй, үерийн аман дээр гэрээ баривал орон гэргүй болох, гэр бүлийнхнийхээ амь насанд өндөр эрсдэл учруулах тул согтуугаар машин барихгүй байх, үерт урсах газарт гэрээ барихгүй байх нь эрсдэлээс зайлсхийх арга зам юм.

Эрсдэл гарах магадлал өндөр боловч учрах аюул бага байх тохиолдол бий. Тухайлбал, олон хүнтэй газар халаасны хулгайч байж болзошгүй тул болгоомжтой байх, түрийвч болон бусад эд зүйлсээ найдвартай газарт хамгаалах нь тэрхүү эрсдэлээс хамгаалах арга хэмжээ болно. Эрсдэл гарах магадлал бага, түүнээс учрах хохирол бага байх тохиолдол байдаг бөгөөд эрсдэлийг зүгээр л хүлээн авч, хариу үйлдэл хийхгүй байж болно. Жишээлбэл, автомашины зам дугуйг элээж, хээг нь арилгадаг. Үүнийг мэдсэнээр шууд арга хэмжээ авах шаардлагагүй, элэгдэл хорогдлыг тооцож, дугуйны хээ арилж, мөлийсөн бол солих хэрэгтэй.

Эрсдэл гарах магадлал бага боловч хэрвээ эрсдэл гарах юм бол уршиг нь их байх тохиолдлыг даатгалд даатгуулах замаар шийдвэрлэж болно. Ийм эрсдэл тохиолдох нь ховор боловч гарсан тохиолдолд уршиг нь асар их. Эрсдэлийн менежмент бол болзошгүй эрсдэлийг тодорхойлж, түүнийг шийдэх арга замыг олох явдал. Эрсдэлийг тодорхойлоод түүнийг бууруулах, эсвэл арилгах арга хэмжээг авах ёстой. Эрсдэлийн менежментийг зөв хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын нэр хүндийг олон түмний дунд өсгөж, найдвартай түнш гэдгийг харуулж өгдөг.

Эрсдэлийн менежментийн хувьд гурван үндсэн зорилго бий бөгөөд үүнийг доорх байдлаар харуулж болно:

  1. Байгууллагын шийдвэр гаргахтай холбоотой эрсдэл ба хэрэгжүүлэх шатанд гарах эрсдэлд анхаарлаа төвлөрүүлэх
  2. Хөрөнгө нөөц бололцоогоо тэрхүү эрсдэлийг амжилттай даван туулахад чиглүүлэх
  3. Тэрхүү шийдвэрт холбогдох зардлыг гаргах, учир шалтгааныг ойлгуулах

Үргэлжлэл бий