Дундын зуучлалгүй үнэ тогтоох чиглэлд талуудтай хамтран ажиллана
2022.02.11

Дундын зуучлалгүй үнэ тогтоох чиглэлд талуудтай хамтран ажиллана

МҮЭ-ийн холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газартай 2022 оны нэгдүгээр сарын 6-нд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан билээ.

Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөл бүрдүүлэх болон үнийн индексийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм. Энэхүү ажлын эхлэл болгож өнөөдөр /2022.01.11/ талууд Таваарын биржийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо. Уулзалтаар тус биржийн удирдлагууд биржийн зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Мэдээллийн дараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
С.Эрдэнэбат болон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар тээврийн ложистикийн үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг байдлын талаарх одоогийн нөхцөл байдлын талаар дурдаж, энэ чиглэлд хэрхэн хамтран ажиллах боломжтойг судлан ажиллахаар болов. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Техникийн хөгжил дэвшил хурдсаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл явуулахад ложистикийн асуудал чухал. Энэ биржийн үр дүнд олон дамжлага дамжин үнэ нэмэгддэг байдлыг багасгаж жишиг үнэ тогтох нь чухал юм. Тиймээс бид санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах чиглэлд ач холбогдол өгч уулзалт хийж байна" хэмээн сонирхсон зарим асуудлаар тодруулав. ШӨХТГ -ын дарга Б.Бат-Эрдэнэ олон дамжлага дамжин дундын зуучлалын нөлөөгөөр үнэ нэмэгддэг байдлыг халж, нэгдсэн нэг системийн үйл ажиллагаагаар бараа бүтээгдэхүүний чанар, үнийг тогтоож, хэрэглэгчдэд эрүүл, чанартай үйлчилгээг үзүүлэн зах зээлийн шударга үнэ тогтох боломж гэдгийг онцлоод талууд цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.