С.Бямбацогт: Хугацаа хэтэрсэн, хууль зөрчсөн зээлийг надтай холбож ярьж байгаад харамсаж байна
2022.02.07

С.Бямбацогт: Хугацаа хэтэрсэн, хууль зөрчсөн зээлийг надтай холбож ярьж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Зээл авсан бол төлөх ёстой. Зориулалтын дагуу зарцуулах ёстой. Тиймээс иргэдийн бухимдаж байгаа асуудалтай санал нийлж байгаа. Гэхдээ үүний хажуугаар хууль зөрчиж зээл аваагүй, зориулалтын дагуу зарцуулж, хугацаандаа төлж байгаа зарим байгууллага, ААН, иргэдийг чирэгдүүлж, хавтгайруулан харлуулсан мэдээлэл их явж байна. Үүнд миний бие өртөж байгаа. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал хийж байна. Хөгжлийн банк тусдаа хуультай. Тус хуулинд Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байдаг.

 

Чиг үүргийн хүрээнд 2012 оноос эхлэн зээл олгож эхэлсэн байна. Зээл нь импорт, экспортыг дэмжих, хөгжлийн тэргүүлэх төслүүдийг санхүүжүүлэх зорилготой олгогдсон. Үүнд хавчуулагдаад зарим нэг өөр зорилготой төслүүдэд зээл олгогдсон. Мөн зөв зорилготой зээл авсан хэдий ч зээлээ  хугацаанд нь төлөхгүй, хуулийн дагуу зарцуулахгүй байгаа асуудал үүсэн. Нийт 66 төслөөс 16 нь хэвийн бусад нь хугацаа хэтэрсэн,  зориулалтын бусаар ашигласан байна. Гэтэл Хөгжлийн банк мэдээлэл хийхдээ хугацаа хэтэрсэн чанаргүй зээл, төлөхөөс зайлсхийж байгаа зориулалтын дагуу зарцуулаагүй зээлийг АТГ шалгуулна гэж ярьсан. Үүнийг хөгжлийн банк ажлаа зөв хийж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ үүнийг нь далимдуулаад хэвийн бус хугацаа хэтэрсэн хууль зөрчсөн зээл гэдэг асуудлыг надтай холбож ярьж байгаа учраас би мэдээлэл хийж байгаа. 

 Энэ зээл авахад би ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Энэ зээл нь Засгийн газрын хөтөлбөрт орсон. Ховд аймагт баруун бүсийн цементний хэрэгцээг хангах, үнийг бууруулах зорилготой. Баруун бүс нутагт цементний үнийг хоёр дахин бууруулах, Улаанбаатар хотын үнэтэй ижил үнээр борлуулах зорилготой. Зээл зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа. Мөн хугацаа хэтрээгүй зээл. Гэтэл  надтай холбож, хууль бусаар зээл авч, төлөхгүй байгаа юм шиг ярьж байгаад харамсаж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан