Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ихбаяр тайлбар хийж, уучлалт гуйлаа
2022.01.12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ихбаяр тайлбар хийж, уучлалт гуйлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Инноваци, Технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын www.toim.mn сайтад өгсөн ярилцлага олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш иргэдийн шүүмжлэлийн бай болоод буй.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан тайлбар хийж, олон нийтийг бухимдуулсандаа уучлалт гуйжээ.

 Д.Ихбаяр: Олон нийтийг бухимдуулсандаа УУЧЛАЛ гуйж байна

"Миний хувьд Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор томилогдоод 20 гаруй хоног өнгөрсөн байна. Нийслэлийн зүгээс сайжруулсан түлшийг түгээлтийн цэгүүдэд хүргэх, улмаар нийслэл Улаанбаатар хотын иргэд түүхий нүүрс түлж, агаар, орчныг бохирдуулж буй эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихээр нэмэгдсэн тул утаа ихэссэн шалтгаан нөхцлийг тогтоох, хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагын хамтарсан баг шалгалтаар ажилласан.

Утаа нэмэгдээд байгаа шалтгаан нь сайжруулсан түлш чийглэг их, утаа их ялгаруулж байгаагаас гадна түлшний хэрэглээ ихэссэнтэй холбоотой болж таарсан. Миний хэлэх гэсэн санаа бол ердөө л энэ. Сэтгүүлчид өгсөн ярилцлагыг маань бүтнээр уншвал энэ санаа ойлгогдох байх. Харин нэг өгүүлбэрийг бусад ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлгогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна. Чин сэтгэлээс УУЧЛАЛ хүсье.

Түлшний үнийн зохицуулалтад нийслэл оролцдоггүй болохыг үүгээр хэлэх нь зөв байх. Түүнчлэн цар тахлын хүнд нөхцөл байдалд эдийн засаг, ард иргэдийн маань амьдрал амаргүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшийг хямд байлгах бодлогыг дэмждэг гэдгээ ч илэрхийлэх нь зүйтэй байх. Цаашид энэ мэт олон нийтийг бухимдуулах алдаа гаргахгүй байхыг хичээж ажиллана.

ЖИЧ: цахим сүлжээнд биш хэвлэлээр дамжуулж УУЧЛАЛТ гуйх байтал өнөө гайхал ковидын халдвар авчихсан учраас эмнэлэгт тусгаарлагдчихлаа. Тиймээс та бүхнээсээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсч байна" гэжээ.