2021.12.10
Б.Бейсен: Ховд голын ус энэ жил хамгийн бага түвшинд хүрсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.12.10/ боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Хэлэлцэж буй асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хүчин чадлыг ус үерлэсэн үеэр нь тогтоосон уу? Ховд голын ус энэ жил хамгийн бага түвшинд хүрсэн.
Усан цахилгаан станц барих газарт хавар нүүдлийн шувуу ирж үүрлэдэг. Хэчнээн төрлийн нүүдлийн шувуу ирж байгаа талаарх судалгаа бий юу?
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн. Тэнд байгаа модыг нүүлгэн шилжүүлэх юм уу?
280 айлын хадлангийн талбай, 150 айлын өвөлжөө, хаваржаа бий. Тэднийг хаана нутагшуулах вэ?
Хүннү гүрний Цагаан чулуутын хөшөө бий. Түүнийг яаж хамгаалах вэ?
Нэгдүгээр багийн нутагт сургууль, цэцэрлэг, дотуур байр байгаа. Тэднийг нөхөн олговорт багтаасан уу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.