Б.Бейсен: Цахим үндэстэн платформоор дамжуулан Угийн бичиг хөтлөх боломжтой юу
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.04/-ний өдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Монголын хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хадгалан хамгаалах чиглэлээр боловсруулсан төсөл хөтөлбөр байна уу? Байгаа бол ямар төсөл хөтөлбөр байна вэ?
Энэ тогтоолын төслийн 1.2-т "Монгол улс оршин тогтнох тулгуур үндэс болох Монгол хүний удмын сангийн цус ойртолтоос сэргийлэх, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр угийн бичгийг өрх айл бүрт шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэглээг ханга" гэсэн байна.
Хэрэглээг яаж хангуулах вэ? Цахим үндэстэн гээд платформ гаргасан тэр платформоос шийдэх боломжтой харагдаад байх юм. Тэр талаар хариулна уу?
Удмын сан, тэр тусмаа цус ойртолтын асуудалд яаж ажиллаж байна. Зарим аймаг, сумдад үндэсний цөөнхийн асуудалд хоёр талтай асуудал бий. Давжаарах зэрэг асуудал гарч байна. Дээр үед бид нар Доржжадамбаа багшийг аваачиж зарим аймаг, сумдад шинжилгээ, судалгаа хийж байсан. Одоо тийм юм хийж байна уу? Анагаахын их сургуулийн генетикийн танхим. Удамзүйн танхимтай хамтарч ажиллахгүй бол бүтэхгүй. Мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа юу?