“Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо
Монгол Улсын Соёлын яам болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөн нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол, тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой юм. Мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулсан юм.
Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон 500 орчим эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнийг НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурчээ. Гэвч технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, бүх төрлийн донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд та бидний хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй. Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна хүмүүнлэг нийгмийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага, иргэн бүрийн оролцоогоор хамгаалагдах ёстой.
Хүүхдийн орчныг илүү хамгаалж, аюулгүй, эрүүл саруул өсөж торних, сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах зорилгоор бид байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг Соёлын яамтай хамтран “Хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгж, иргэд, эцэг эхчүүд хамтдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхдүүдээ элдэв эрсдэлээс хамгаалцгаая” хэмээв.
Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гаргаж байна. Зөвлөмжид мөн гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдад хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж байгаа багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ.