Шар түвшинд шилжихийн тулд нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг онцлов
2021.11.15

Шар түвшинд шилжихийн тулд нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг онцлов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм.

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт 85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.

Нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж

-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Баянголд тав, Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо.

Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.

Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй

Сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав.

-Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Хүндрэлтэй асуудал гэвэл шуудайны хүрэлцээ байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэлээ.

Хашлага давсан автобусны жолооч эмнэлэгт эмчлүүлж байна

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн автобус хашлага даван унасан хэрэг байсан. Уг автобус нь зорчигчгүй байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж буй ажээ. Урьдчилсан дүгнэлтээр автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс осол гарсан байх магадлалтайг Тээврийн цагдаагийн албанаас тодотгож байлаа.

Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун шөнөдөө -13 хэмээс -17 хэм хүйтэн, өдөртөө -1 хэмээс +4 хэм, зарим үед үүлэрхэг байх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас мэдээлсэн байна. Урьд өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байгаа ч Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ.

Төсвийн жилд өр авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

  • Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих.
  • Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах.
  • Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов.