Саналын хуудасны зураг авч, бичлэг хийвэл 10 саяар торгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар ирц 17652 хувьтай буюу 353.326 иргэн саналаа өгсөн. Энэ үеэр зарим сонгогчид саналын хуудасныхаа зургийг авч, цахим хуудсандаа байршуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргажээ.
Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос “Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас нэр дэвшигчийн зурагтай хувцас өмсөхийг хориглоно. Мөн саналын хуудасны зургийг авч, олон нийтэд цацах нь мөн хууль зөрчсөн үйлдэл болно. Сонгуулийн хууль тогтоомж зөрчвөл Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллаж байгаа бөгөөд олон гомдол, зөрчлүүдийг арилгаж ажиллаж байна. Зарим иргэд мэдээлэл муутайгаас ийм үйлдлүүд гаргасан” гэдгийг онцолсон.
Хэрэв саналын хуудасныхаа зургийг авбал Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна. Хэрэг зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр 15.00 цагт мэдээлэл хийнэ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсэг.
- Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан,
- Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус, тус заажээ.